images

“Ижий гөрөөс”


   Энэ дууг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж олон нийтэд хүргэсэн билээ. Тэрбээр 2010 онд уран бүтээлийн гараагаа Төмөр замын дуу бүжгийн чуулгаас эхэлсэн байна. Чуулгад ормогцоо “Царцаа Намжил” дуурийн гол дүр тоглож улмаар 2012 онд “Эгшиглэнт галт тэрэг мину” дуулалт жүжиг, 2013 онд “Хандармаа” хүрээ дуурьд тоглож байв. “Хандармаа” дуурьд тоглодог жил нь гавьяат жүжигчин Н.Чулуунхүү түүний тоглолтыг үзэж таарснаар танилцах болсон байна. Түүнээс нэг жилийн дараа 2014 оны хавар тааралдахдаа түүнд нэгэн дуу зохиож өгөхөөр амлаж, тэр жилдээ хамт Дархан хотыг зорьж, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн золголт дээр дуулж байжээ. Тэрний маргааш өглөө нь түүнд “Ижий гөрөөс” дууны шүлэг аяыг өгсөн байна. Энэ дууны шүлгийг яруу найрагч, СГЗ А.Төмөр-Очир бичсэн бөгөөд аяыг нь Н.Чулуунхүү зохиожээ. Улмаар дуучин Н.Дашдэмбэрэл энэ дуугаараа 28 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцон 142 дуунаас түрүүлэн, Байгал орчин, ногоон хөгжлийн яамны “Байгал орчинд ээлтэй дуу”-гаар шалгарч байжээ.