images

Дунбүрээ


Ардын зураач Гаадангийн Дунбүрээ манай сайтад нэрийнхээ тухай ийн ярилаа.

   Би эцгийнхээ 37-ны жил дээр гарсан юм. Манай эцэг уг нь Хөвсгөлөөс гаралтай лам хүн. Булганы Зүүн хүрээний Вангай аймагт шавилан сууж байгаад 1937, 1938 онд лам нар тарж хар болоход Төв аймгийн Өндөрширээтэд ирсэн юм билээ. Миний эцэг бол 1903 оны хүн. Ах, дүү тавуулаа тухайн үедээ өртөө улаагаар дамжиж Төв аймагт ирсэн гэнэ лээ. Тэр үедээ овоо чинээлэг улс байсан шиг байгаа юм. Өртөөний улааг хөлсөлж ирж. Манай нутагт холоос ирсэн ийм хүмүүсийг шинэчүүл гэж ярьдаг. Манай эх бол айлын таван эмэгтэйн хамгийн том нь байж. Би Цахирт гэдэг газар 1941 оны намрын дунд сарын шинийн 15-нд гарсан юм билээ. Шинэ цагийн тооллоор есдүгээр сарын 1 бололтой. Тэр үед ямар гэрчилгээ, баримт гэж байсан биш ээж минь л “Миний хүү намрын дунд сарын шинийн 15-нд төрсөн юм шүү” гэдэг байв.

   Ээж, аавыг гэр бүл болчхоод байхад Осоржамаа гэж нутгийн нэг том лам манайд орж ирсэн юм билээ. Манайд ямар бурхан, ширээ янз бүрийн юм байх биш. Гэтэл тэр хүн “Танай бурхны ширээн доогуур хоёр хүүхэд тоглож байна” гэж хэлээд гарчээ. Миний эцэг ч  өөрөө лам, тэр хүн ч том хүн. Осоржамаа гуай Гүний хүрээнд лам байгаад хувьсгалын үед шоронд арван жил суугаад гарч ирсэн. Энэ тухай манай эцэг надад хэлж байсан юм. “Залж байна даа, энэ нэг лам” гэж дотроо бодож. Тэр үед хүүхэдтэй болоогүй шинэ айл байсан хэрэг. Тэгээд жилийн дараа эх нярайлж би гарчээ. Иймд тэр ламаас нэр авахаар эцэг Гүний хүрээнд давхиад очиж. Тэгсэн “Юун нэр авах гэж, би жилийн өмнө танай хүүгийн нэрийг өгчихсөн” гэж загнаад хөөгөөд гаргасан гэдэг. Осоржамаа гуай жилийн өмнө тийн орж ирэхдээ л “Танайд хоёр хүүхэд төрнө. Эхнийхэд нь Дунбүрээ, удаахад нь Дунхорол гэж өгөөрэй” гэчхээд яваад өгсөн юм билээ. Дунбүрээ гэдэг нь шашныхаар бол хурлын бүрээ, төвөдөөр бол цагаан лавай гэсэн үг л дээ. Уриалан дуудна гэсэн утгатай юм билээ. Харин миний дүү дараа жил нь төрсөн. Дунхорол дүү минь Төв аймагтаа амьдарч байгаа.

   Би өөртэйгөө адил нэртэй хүнтэй таарч байсангүй. Дээр үед Дунбурай гэдэг Увсийн сэргийлэхийн хурандаа хүн байсан гэдэг. Надаас ахмад хүн. Би уулзья гэж бодсон ч залуу байсан болохоор айхтар их тоосон ч үгүй дээ. Эцэг минь намайг “Шашинтай газар байх юм бол чи хурлын газрын хүн байх юм даа. Бүрээн шатан дээр бүрээ үлээдэг хурал номын газрын том лам байх ёстой юм” гэдэг байсан. Өмнө нь Таван зуугийн эцэст Дунбүрээ гэдэг гудамж байсан юм билээ. Одоогоор бол гуравдугаар хорооллын эцэст нэг том байшин байж. Түүнийг би ч сайн мэдэхгүй. 1950-иад оны үед л дээ, манай эцэг  тэр гудамжны тухай надад хэлж байсан. Хожим би эмнэлэгт хэвтэж байхад хамт байсан хүн тийм гудамж байсан гэж байна лээ. Тэгэхээр баталгаатай л юм даа. Мөн Төвөдөд Дунбүрээ нэртэй уул байдаг юм билээ. Николай Рерихийн дурдатгал уншиж байхад "Дунбүрээ уулын хөндийгөөр явлаа" гэж бичсэн байна. Николай Рерих 1927, 1928 онд Төвөдөд зорчсон. Тэгэхээр цаст Гималайн уулсын хөндийд Дунбүрээ гэж уул байдаг бололтой. Надад өөр нэг түүхийн хүн “Хэрлэнбаян-Улаанд Дунбүрээ нэртэй уул бий. Нэг очно шүү” л гэж байсан. Отрын хөндий буюу гурван нуурын тийш байдаг гэнэ лээ. Тэгэхээр нэг талаасаа уулын нэр юм даа.