images

Амьдрал хайр дээр тогтдог


   Нэрийн хуудас Шагдарын Дулмаа. Яруу найрагч, сэтгүүлч, эвлэлийн ажилтан. Мэргэжил хэл уран зохиолын багш. Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Нөхөр Ганболд УБДС-ийн кино драмын анги төгссөн. “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” кинонд тоглоод олон түмнээс авсан алдар нэр нь Гэлэг хошууч. Улаанбаатарын нэгэн харшийн гуравдугаар давхарт амьдардаг.

   Үдийнхээ цайны үеийг тааруулж хоол бэлдээд Ганболдыг эргэхээр явлаа. Улаанбаатарт найман хэм дулаан. 11 дүгээр сар дундаа орж байхад шүү. Гэвч өвлийн хувцастай хүн халууцахгүй, намрын хувцастай нь жиндэхгүй аж. Ямар жигтэй өвөл бэ? Өдийд цас хунгарлаж, агаар сэнгэнэж, уулс цайвалзаж байдагсан. Цасаа саначихжээ. Дун цагаан цас нүд гялбуулан гялтганахыг би харах дуртай. Энэ тухай дэмий бодож явтал эмнэлэгт хүрэв. Ганболдыг дотрын тасгаас асуугаад олсонгүй. Мэдрэлээс ч мөн сурагласан хариу байдаггүй. НАХЯ-ны эмнэлэг гэж олноор хэлэлцэх энэ газар одоо эмнэлэг, худалдаа холилджээ. Шат гудмаар нь хувцастай хүмүүс холхиж харагдах тул өөрөө орохоор шийдэв. Ороод гурав алхтал нэрээр минь дуудах нь Ганболд мөөн. Тэрбээр эмнэлгээс гарах болоод хувцсаа хүлээгээд зогсож байсан нь тэр аж. Удалгүй Дулмаа гуай орж ирэв. Энэ найрагчийн зураг ойрдоо сонинд үзэгдээд нөхөртөө олдохгүй болчихов уу гэтэл ороод ирлээ гэж Ганболдтой цуг нэг өрөөнд байсан генерал Дулмаа гуайг явуулав. Ганболд хувцаслах зуур цүнхээ хэд ухаад:

- Чи миний өмдийг авчраагүй юм уу гэж асуулаа.

 -Еэ балар аа гэж Дулмаа гуай дуу алдах мөртлөө "Мартчихаж, гаднаас такси бариад харья" гэв. "Тэгье, тэгье" гэж Ганболд зөвшөөрөв. Энэ хоёр гэж ийм нэг сайхан улс даа. Хэн хэндээ уурлаж, үглэнэ гэж ховор. Бие биенээ дэндүү ойлгоно. Найрагчийн хэнэггүй зан бүсгүй шүлэгчид шүглэсэн байдаг нь бурханы алдаа биз ээ. Бид гурав нэг хөнгөн тэрэг зогсоогоод суув. Тэднийх Лениний музейн хойно байх. Юу байхав дээ, ойрхон газар. Жолооч гурван км-ийн мөнгө нэхэв. Энүүхэн хооронд гурван км байхдаа яахав гэж үглэх зуур Дулмаа гуай мөнгийг бүрэн төлөв. Буусныхаа дараа би яах гэж хэлсэн мөнгийг нь өгсөн юм гэж зэмлэвэл “Яршиг, яршиг хар төвөг. Хүний шуналыг ч болов биелүүлбэл буян болно” гэж надад тайлбарлав.

   Дулмаа гуай гэрээ хэзээнийхээрээ цэмбийлгэчихэж. Тэдний диваны өмнө урт ширээ байх бөгөөд тэр нь янз бүрийн сонин, шүлэг бичсэн цаас, уруулын будаг, тавагтай чихэр, утасны дугаар бичсэн дэвтэр, Оросын зохиолчдын түүвэр, элдэв бусын юмаар байнга дүүрэн байдаг. Харин энэ удаа бүгдийг нь хамж цэгцэлсэн нь нэг л содон үзэгдэв. Ингэж хичээнгүйлсэн нь нөхрийгөө гарч ирээд гэр орны ажилтай ноцолдож гам алдана гэж санаа тавьсных ажээ. Гэтэл Ганболд гэрийн ажлаа саначихжээ. Гялалзтал арччихсан тосгуур, хоолны шүүгээг дахин дахин зүлгэж, ганц аяга байсныг угаахыг харсан Дулмаа гуай гомдож Ингээд хүний хөдөлмөрийг үнэлдэггүй юм шүү гэхэд цөм хөхрөлдөв. Ер нь Ганболд гал тогооны ажилд үнэн дуртай хүн л дээ. Дэлгүүрээс гоё хайруулын таваг, өндөг хэрчигч, эрээн тогоо худалдаж авах дуртай тийм эр хүн байгаа юм. Хүнийг хүндлэн хайрлахын одонд төрсөн тэр эхнэрээ төдийгүй биднийг, шүлэг бичдэг охидыг, уран бүтээлчдийг цөмийг нь хамтад нь хайрлаж, хүндэлж чаддаг нь биширмээр. Хоолыг хурдан амттай хийхийн дээр хоромхон зуур ширээг янз бүрийн амттанаар дүүргэдэг түүний авьяасыг би гайхаад бардаггүй юм. Энэ олон жил түүний хийсэн хоолыг идэж яваа мөртлөө нэгийг нь ч сурч амжаагүй явна.

   Оронгуут, “За хоёр цаад өрөөндөө ярь. Би хоол хийе гээд гал тогоо руугаа орчихно доо. Ганаа хоол зөөгөөд л Дулмаа гуай тас тас хөхрөөд л тэднийх шиг орсон хүн сэтгэл нь тэнийгээд гардаг айл цөөхөн шүү. Юм уугаад биеэ муутгах юм гэж нөхрөө зэмлэвч, мөнгө байвал дуртай юмыг нь байлгахсан гэж Дулмаа гуай хичээдгийг би мэднэ. Энэ удаа ч мөн ялгаагүй. Хоолны ширээг шил архи мялаалаа. Манжин, луувантай чанасан мах гаргаж, будаатай цай аягалав. Тэр хоёрыг надаас илүү мэдэх хэн байх билээ дээ. Жаргах цагт нь хамт баярлаж, зовох үед нь хамт нулимсаа унагаж явсан улс даа. Дулмаа гуай бол хов жив, атаа хорсол, өчүүхэн дорд байдлаас өндөр байдаг нь ямагт бахдах сэтгэлийг төрүүлдэг билээ. Хүнийг хайрласаар дуусах хүн. Муу үгийг хүртэл яруу найраг шиг хэлж чаддаг тийм л эмэгтэй. “Амьдрал хайр дээр тогтдог” гэж чухамхүү Дулмаа гуай л хэлэх билээ. Мөнгийг үнэтэй юм гэж хэзээ ч үзэж явсангүй. Хоёр биенээ ойлгож, хайрлахын утга учрыг тэр хоёроос л харж болно. Үгийн зөрүү байдаггүй. Кино үзье гэвэл нөгөөх нь тэгье л гэнэ. Ядраад байна гэвэл за больё л гэнэ. Хэн нэгэнгүйгээр нь салгаж бодох аргагүй. Ганболд байсхийгээд л кино зурганд явчихна. Тэр үед Дулмаа гуай баларна даа. Нэг орсон чинь гал тогооных нь өрөөний шал түлэгдчихэж. Будаа жигнэх гэж цахилгаан зуухан дээр тавиад шүлэг машиндаж суугаад мартчихаж. Шатсан саваа сандрахдаа шалан дээр унагаж түймэр тавих дөхөж л дээ. Энэ саваа Ганболдоос яаж нуудаг юм билээ гэж сууна. Дулмаа гуайг Ганболдгүйгээр төсөөлөхөд бэрх. Найрагч бүсгүйн нөхөр байх ч бас амаргүй л дээ.

Хайр дээр минь чи

Хаан суудалтай

Халуун зүрхэнд чи би

Хатан суудалтай гэж Дулмаа гуай бардамхан шүлэглэсэн байдаг.

   Дулмаа гуай энхэр хүүхэд байсан юм билээ. 12 хүүхэдтэй айлын арав дахь нь болж төржээ. Төрснийх нь дараа ээжийнх нь хойтох цөглөхгүй удаж бие нь мууджээ. Лам төлгөч хэлсэн юмуу эцэг нь өөрөө бодсон юмуу юутай ч эхийнхээ толгойг залгих охин гарч гэж сэжиглээд амбаартаа оруулаад орхичихжээ. Эд хөрөнгөөр ч баян, үр хүүхдээр ч баян эцэгт нь улаан нялзрай охин хэн ч биш байв. Энэ байдлыг нутгийнхан мэджээ. Үр хүүхдийн хүслэн болж явсан Шагдар, Хорол хоёр дуулангуут амбаараас өлгийтэй хүүхдийг авчрахад ам нь хатчихсан байж. Үхрийн сүү буцалгаж хөвөнгөөр аманд нь дусааж Дулмаа гэдэг найрагчийг хүн болгосон гэдэг. Эцэг эхдээ гологдсон бол энэ айлд эрдэнэ боллоо. Өргөж авсан аав ээж нь газар тавилгүй өсгөв. Эцэг Шагдар нь бичиг үсэггүй хүн байсан бөгөөд ганц охиноо эрдэмтэй болгож захиа дуудуулна гээд бага сургуулиас нь их сургууль төгстөл гэрээ нүүлгэн дагав. Эрх танхи Дулмаа охидтой биш хөвгүүдтэй үерхэж, шилбэ товч хадахыг биш шүлэг зохиол бичихийг сонирхох болов. Үерхдэг улс нь гэвэл хэдэн танхай найрагч. Эр хүний гурван жаргалаас буцахгүй тэднийг ойлгож, хөтлөлцөж гүйнэ гэдэг нэрээ сэвтээж, нэгийг дуулгах болдог. Яруу найрагч хүүхнүүд сайн нэртэй явсангүй. Алдар хүнд нь диваажинд байгаа хэрэг байлгүй. Их сургуульд сурч байхдаа манай үеийн алдартай эрдэмтдийн эсэргүү үгийг сонсчээ. Цэндийн Дамдинсүрэн, Санжмятавын Гаадамба нар лекц уншиж, Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Чимэд ангийнх нь багш байв. С.Баясгалан, М.Ширчинсүрэн, Д.Мягмар нартай цуг утга зохиолын дугуйланд сурна. Залуу шүлэгчийн бүх л дамжааг төгсөлгүй дээ. Дэвтэр дүүрэн шүлэг бариад гүйж явж. Зохиолчдын хороон дээрээс хөөгдөж байж. Ч.Лхамсүрэн гуайд үнэлэгдэж, Ч.Чимэд багш нь энэ хөх дээлт л шүлэг бичнэ шүү гэж магтаж. Их сургууль төгсөөд МХЗЭ-ийн Төв Хорооны үзэл суртлын хэлтэст ажиллан хэлтсийн дарга хүртэл хийлээ. ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгсөж “Үнэн” сонинд гавьяаны амралтаа автал ажиллаж байв. 1964 онд Монголын зохиолчдын эвлэлд элсэж, 1966 онд анхных нь түүвэр “Үүрийн цолмон” нэртэй хэвлэгдэн гарчээ. Тэр түүвэрт нь орсон “Би ертөнцийн хүүхнүүдийн нэг” шүлэг нь өнөөг хүртэл уншигчдын талархан сонсдог шүлэг болсон юм.

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ таштал залгилж

Талын тогоруу нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо

Газар шороондоо би хайртай гэж чин зүрхнээсээ хэлсэн нь “Өглөө” түүвэрт нь бий. Түүний “Хүүгийн эцэгт бичсэн захиа” найраглал 1980-аад оны уншигчдыг бишрүүлж, эцгээ гэх сэтгэлийг нь юугаар ч орлуулж чадаагүй юм гэсэн үг олон эрийг гэрээ орхихоос аварсан билээ.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Санжаажавын Оюун