images

“Цасны бүүвэй”


  1988 оны 12 дугаар сарын 31-ны Монголын үндэсний радио телевизийн “Баярын мишээл” нэвтрүүлэгт “Залуус” хамтлаг оролцохоор болжээ. Тухайн үед Монголын үндэсний телевизийн найруулагч байсан хөгжмийн зохиолч Л.Балхжав тус хамтлагаас "Шинэ жилийн сэдэвтэй нэг дуу дуулна шүү" хэмээн захьжээ. Тэр үед шинэ жилийн холбогдолтой дуу бараг байгаагүй учраас хэдхэн хоногийн дотор энэ дууг бүтээсэн байна. Аяыг нь хамтлагийн соль гитарчин О.Билигт зохиож, шүлгийг нь Багшийн их сургуулийн утга, уран зохиолын ангийн оюутан, яруу найрагч М.Цэемаагаар бичүүлжээ. Шүлэг нь урьд “Залуучуудын үнэн” сонин дээр гарчихсан учраас “Залуус” хамтлаг хоёр бадгийг нь дуу болгосон гэдэг. Ингээд “Баярын мишээл” нэвтрүүлэгт "Залуус" хамтлаг "Өргөө", "Айзам" болон мэргэжлийн гэсэн тодотголтой "Баянмонгол", "Соёл- Эрдэнэ" зэрэг хамтлагуудтай оролцсон байна. 35 жилийн өмнөх "Цасны бүүвэй" гэх энэхүү дуугаараа олон хүний сэтгэлийг хөдөлгөж явсан уран бүтээлч Гаваагийн Болор хэдий дуучин мэргэжилтэй ч Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлчээр ажиллаж байжээ. Мөн энэ уран бүтээлээс үүдэж "Цасны Болороо, Цасны бүүвэй Болороо, Цасан ширхэг охин, Цасны дууч" зэргээр нэрлэгдэх болжээ. Түүнчлэн дуу зохиогдсоноос хойш 24 жилийн дараа Sweetymotion хамтлаг SBN телевизээс явуулсан "Манай аялгуу" төслийн хүрээнд сэргээн дуулсан байна. Тэд хөгжмийн найруулгыг шинэчлэн орчин үеийн хэв маягт оруулж дуулснаараа залуучуудад хүргэхэд сайн нөлөө үзүүлжээ. Харин уг дууг хамгийн сүүлд нийтийн дуучин Б.Уранзаяа дуулжээ. 

Эх сурвалж: emegteichuud.mn