images

“Засагт ханы хөх харчууд”


   “Засагт ханы хөх харчууд” хэмээх энэ дууг Монгол улсын гавьяат жүжигчин, Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын дуучин Ц.Оюунцэцэг анх дуулснаар олон хүн мэдэх болжээ. Уугуул нутгийнхаа дуу бүжгийн чуулгад 33 жил ажиллахдаа дуучин, найруулагч, уран сайхны удирдагчаас эхлээд олон ажлыг хийдэг байсан аж. Тэрбээр 2001 онд Гавьяат жүжигчин цол тэмдгээ авсныхаа дараа энэ дууны үг, аяыг захиалсан гэнэ. Эхлээд нутгийнхаа яруу найрагчдын дунд дууны шүлгийн уралдаан зарласан боловч санаанд нь тохирсон бүтээл ирээгүй байна. Тэр өдрөөс хойш Улаанбаатар хотод нэг удаа ажлаар ирэхдээ сэтгүүлч, зохиолч, дууны шүлгийн мастер Ү.Хүрэлбаатартай уулзахаар болжээ. Тэгээд нэгэн зоогийн газарт цаг товлон шүлгээ бичүүлэх санал тавихаар тавин мянган төгрөг, хадагтай өвөртлөөд очиж гэнэ. Тэр үед мөн уулзалтад төрсөн нутагт нь санаа тавьж, хөрөнгө мөнгөө зориулахаас ч буцдаггүй Д.Тэрбиш хэмээх хүн хамт иржээ. Ц.Оюунцэцэг ч шууд л “Засагт ханы хөх харчууд гэж “Тунгалаг Тамир” кинонд хүртэл гардаг. Яагаад тэгдэг юм бол. Иймэрхүү л дууны шүлэг хэрэгтэй байна” гэж хэлэв. Нутгийн ах нь хариуд нь жигтэйхэн урт шүлэг бичиж авчирснаа уншиж өгчээ. Тэгтэл  уулзалтад ирсэн нөхөр нь ярианд оролцон  “Ер нь Засагт хааны хөх харчуудыг бичихэд ганц юм дутаад байна.

“Засагт ханы хөх харчууд

Зартай нутгийн сайн эрчүүд…” гэсэн бадагтаа л “дэлтэй чоно шиг” гэдэг үгийг оруулчихвал гэтэл Ү.Хүрэлбаатар ч тэр дор нь өлгөж аваад шүлгээ гүйцээжээ. Улмаар дараа нь хэнээр ая хийлгэхийг ярилцаад Г.Жаргалсайханд мөн л хадагтай мөнгө барин очиж хөнгөн хэмнэлтэй эстрад маягийн дууны ая хийж өгөхийг хүссэн байна. Тэгээд дууны үгийг ч үзээд хоёр хоног хийгээд үзье гээд аваад явсан аж. Гурав хоногийн дараа уулзахад аяа хуурцган дээр бичээд машинд суулгаж байгаад сонсгожээ. Тэгтэл уулзаж байсан Тэрбиш нь утасдаад “Ах нь наад дууны чинь клипийг хийлгэж өгье” гэснээр энэ дуу бүтсэн түүхтэй.