images

Самарканд


   Төв Азийн хамгийн эртний хотуудын нэг одоогийн Узбекистаны Самарканд хот МЭӨ IV зуунд Мараканда нэртэй байсан тухай “Британика” нэвтэрхий тольд дурджээ. Тодруулбал, МЭӨ 329 онд Макадеоны Александр хааны эрхшээлд орсон Согд улсын нийслэл нь Мараканда байв. Улмаар тус хот МЭ VI зуунд туркуудын, IX-X зуунд Ираны саманидуудын, XI-XIII зуунд Европын Турк, Волгагийн турк хэлтнүүдийн бүлгийн иргэдийн эрхшээлд байгаад 1220 онд Чингис хаанд дарагджээ. Ингээд 1365 онд Доголон Төмөр хааны байгуулсан Төмөрийн улсын нийслэл нь Самарканд болж Төв Азийн хамгийн нөлөө бүхий соёл, эдийн засгийн хот болон хөгжсөн байна. Гэвч 1500 онд узбекууд хотыг мэдэлдээ авснаар Бухарын хаант улсын нэг хэсэг болсон юм. Харин 1887 онд Оросын эзэнт гүрний мужийн нийслэл болж төмөр замын төв болсноор эдийн засаг нь дахин сэргэжээ. Өдгөө тус хотод түүхэн хөшөө дурсгал олон байхаас гадна Төмөрийн улсын үеийн цөөн хэдэн барилга бий. Мөн Төмөр хааны бунхан, түүний хатны сүм байдаг аж. Самарканд хот нь 2001 онд ЮНЕСКО-гийн соёлын дурсгалт газраар бүртгэгдсэн билээ.

   Харин Самарканд нэрийн тухайд хэд хэдэн тайлбар бий бөгөөд аль нь ч нэрийн гарал үүслийг зөв тайлаагүй гэж үздэг. Тухайлбал, Исламын нэвтэрхий толийн 1995:8.1031-д бичсэнээр канд гэдэг нь Зүүн Иранийн тосгон буюу өөрийн хил, засаг захиргааны нэгжтэй, хүний хөлийн газар гэсэн утгатай үг гэсэн бол самар гэдэг эхний үеийн утга хараахан оновчтой тайлагдаагүй байна. Тэгвэл Александр хааны үйл хэргийн бүртгэлд тэмдэглэгдсэнээр хотын эртний нэр Мараканда нь грекээр Марагийн хот гэсэн утгатай ажээ. Мара буюу Маракаяика нь санскрит сударт гарах бөгөөд каяа буюу хаант улс, мара буюу эртний Ромын хайрын бурхан Купид эсвэл Камадевагийн ижил утгат үгээр утга нь тайлагддаг. Гэхдээ мара нь хожим смара буюу самаркандын эхний үе болоогүй гэж үздэг байна. Хэдий тийм ч Самарканд нь Смарагийн хот буюу Хайрын бурхны хот гэсэн утгатай болно. Нөгөө талаас Мараканда гэдэг нэр Самарканд болон хувьссан байх магадлалтай аж.