images

“Жарган дуулаарай”


   Уртын дууг орчин үеийн электроник хөгжмийн урсгалтай хослуулсан “Жарган дуулаарай” хэмээх дууг Алтан ураг хамтлагийн ахлагч, продюсер Б.Эрдэнэбат зохиожээ. Тэрбээр нэг өдөр замын түгжрэлд хүмүүсийн уур бухимдал их байгааг анзаарч, ямар уран бүтээл хийвэл амар тайван мэдрэмж өгөх талаар эргэцүүлж байтал “Жарган дуулаарай” дууны дахилт, аялгуу нь ороод иржээ. Тэгээд гэртээ хариад дууныхаа хар зургийг гаргаад шууд л “Зун” продакшны уран бүтээлч, уртын дуулаач А.Нарандулам руу явуулсан байна. Тэр өдрөөс хойш өөр нэгэн дууны уран бүтээлчтэй хамтарч дууны үгийг нь нэмж, хөгжмийн найруулгыг нь зассаар багагүй хугацаа болжээ. Тэгээд л шинэхэн дууны бэлтгэл ажилдаа орохтой зэрэгцэн продюсер Б.Эрдэнэбатад “Нийслэл хүүхэн” киноны дууг бүтээх санал ирсэн байна. Улмаар түүнийг нь сонсоод дуугаа гаргахаа ч түр азнаж, киноны өнгө аяс, утга санааг нь эргэцүүлтэл одоо хийж байгаа дуутай нь нийцэж байсан учир зөвшөөрсөн гэдэг. Тэгээд кинотойгоо нийцүүлсэн дуу болгож, уртын дуучин А.Нарандулам дуулжээ. Цээлхэн хоолойгоороо ард түмний хайрыг татсан уртын дууч А.Нарандулам нь 2018 оны намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх буриад дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгосон юм. Түүнчлэн монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулсан байна. Тэрбээр Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн бөгөөд  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас гаралтай хотгойд ястан гэнэ.