images

Францис


   Аргентин улсын Буэнос-Айрес хотноо 1936 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн Хорхе Марио Бэргольо одоогоос арван жилийн өмнө 2013 оны гуравдугаар сард католик шашинтны тэргүүн болсон билээ. XVI Бенедикт папын үйлсийг залгамжлан авсан тэрбээр шашны нэрээ Францис хэмээн сонгосон юм. Ингэснээр дэлхийн түүхэн дэх 266 пап дунд Францис нэрийг сонгосон анхны хүн болжээ. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнөх 265 папын нэг нь ч Францис нэртэй байсангүй. Ихэвчлэн Жон, Грегори, Бенедикт, Адрян, Пиус, Лео, Инносент, Урбан, Александр, Пол зэрэг нэрсийг түгээмэл сонгосоор иржээ. Харин Ж.Бэргольо ядуусыг энэрэн хайрлагч Ассисигийн гэгээн Францисийн нэрийг сонгосон нь энэ байв. Гэгээн Францис нь Ромын католик шашны түүхэнд тодорсон олонд хүндтэй нэгэн аж. Түүний тухай 2010 онд XVI Бенедикт пап “Гэгээн Францис 1181 эсвэл 1182 онд Италийн баян худалдаачны гэрт төрсөн” гэж Ватиканы албан ёсны вэбсайтад ярьж байв. Гэгээн Францис католик сүмүүдийг сэргээн засварлах, шинээр нээх ажлыг идэвхтэй хийсэн нэгэн тул түүний нэр католик сүмийг сэргээн байгуулах, энгийн даруу байдлын бэлгэдэл болдог байна. Мөн ядуурал, энх тайван, хайр, бүтээн байгуулалтыг хамгаалагч гэсэн утгыг ч агуулдаг ажээ.