“Сайхан монгол бүсгүйд би хайртай”


   “Соёл Эрдэнэ” хамтлагийн дуучин Баарайн Баяраагийн дуулсан “Сайхан монгол бүсгүйд би хайртай” дууны аяыг Баадайн Дамдин, үгийг Лувсангийн Дагвадорж бичжээ. Одоогоос 41 жилийн өмнө 1982 оны 12 дугаар сард анх Монголын радиод бичүүлсэн уг дууг хожим Б.Баяраагийн хүү Б.Хонгор, "Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүхтэй хамтран дуулснаас гадна МУГЖ Ж.Уранчимэгийн нөхөр П.Хатанбаатар, "Сүнс" хамтлаг шинэ найруулгаар дуулсан байдаг. Харин дууны эзэд 1988, 1991, 1996 онд мөнх бусыг үзүүлжээ. "Сайхан монгол бүсгүйд би хайртай" дууны шүлгийг бичсэн Л.Дагвадорж "Соёл Эрдэнэ" чуулгад очиж Б.Дамдинд шүлгээ өгснөөр тухайн үед хөгжмийн зохиолчийн гэргий болох гэж байсан Ж.Уранчимэгт зориулагдан бүтжээ. Энэ тухай Ж.Уранчимэг “Тухайн үед манай чуулгынхан "Урнаадаа зориулж сайхан дуу хийж өглөө дөө" гэж ханиар маань баярлан бахархаж байсан даа. Энэ сайхан дууг одоогийн хань минь үргэлжлүүлэн дуулж байгаад би маш их баярладаг” хэмээн ярив. Энэ дууг П.Хатанбаатар 2005 оноос хойш дуулсан бөгөөд Б.Дамдин агсны хоёр охин ээжид нь зориулан хийсэн дууг үргэлжлүүлэн сэргээн дуулсанд ихэд баярлаж явдаг ажээ. Энэ тухай Ж.Уранчимэг "Хүүхдүүд минь урлагийн хүмүүс. Бага охин минь МУК-д төгөлдөр хуур хөгжмийн багш, хүргэн минь хийлийн багшаар ажилладаг. Том охин мөн л хөгжмийн хүн. Энэ дуу бол бидний үе уламжлан дуулах сайхан дуу” гэв. "Соёл Эрдэнэ" хамтлагаас төрсөн хосууд 1980-аад онд Эрдэнэт хотод ажиллаж амьдрах болсон бөгөөд тэд Д.Оюу-Эрдэнэ, Д.Оюударь гэдэг хоёр охинтой болжээ. Гэвч бөөрний дутагдлын улмаас Б.Дамдин 1988 онд өөд болж, бэлэвсэрч үлдсэн гэргий нь Улаанбаатарт ирж хуучин чуулгаа бараадав. Харин дууны шүлгийг бичигч бээр 1936 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн хүн байв. Цахилгаанчин мэргэжил эзэмшсэн, урлагийн тал бүрийн авьяастай залуу хүү 1960-аад онд Улаанбаатарын сувилалд эмчлүүлж байхдаа Улсын ардын дуу, бүжгийн чуулгын дарга Батцэнгэлтэй таарч тус театрын дуучин болсон гэдэг. Улмаар “Тожоо жолооч” жүжигт тоглож, "Учиртай гурван толгой" дуурийн Балганы дүрд дуулжээ. Мөн тэрбээр “Цэлгэр цэнхэр дэлхий”, “Хөглөж орхиогүй эгшиг”, “Хүж дэлхий амгалан байг”, “Дуундаа жаргалтай дэлхий”, “Эр хүн”, “Ухаарч амьдрах хорвоо” шүлгийн ном, “Буянтын урсгал” роман, “Сохор хүүхэн”, “Нүгэл нь үгүй хайр”, “Учгийн зангилаас” өгүүллэг тууж, 200 дууны түүвэр хэвлүүлсэн зохиолч байв. Д.Нацагдоржийн музейн эрхлэгч, “Үлгэрийн далай” чуулгын дарга, Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин, утга зохиолын эрхлэгчээр ажилласан түүний "Сайхан монгол бүсгүйд би хайртай", “Эмч хүн жаргалын ээж”, “Хүний маань дээд ээж минь”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг дуу олны хайртай дуу болсон билээ.

   Аавынхаа анх дуулсан дууг 2000-аад оны эхээр 19 настай Б.Хонгор хүү нь “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүхтэй хамтарч дахин амилуулжээ. Тэрбээр “Толинд шингэсэн эгшиг” анхны цомогтоо энэ дууг багтаасан бөгөөд бага залуу, хоолой шингэн, хайр дурлалтай учраагүй гэдэг шалтгаанаар дуучин Д.Батсүхтэй хамтран дуулсан байна. Тэгэхдээ тухайн үеийн хөгжмийн чиг хандлагыг шингээхийг хүсч жааз маягийн үлээвэр хөгжим оруулсан хөгжмийн шинэ найруулгыг продюсер, ая зохиогч Б.Наранзунаар хийлгэжээ. Харин түүнээс хойш "Сүнс" хамтлаг Үндэсний телевизийн “Орон даяар” гэдэгт нэвтрүүлэгт зориулан шинэ найруулгаар дахин дуулсан юм.

Эх сурвалж: МҮОНР. "Дуун увидас" нэвтрүүлэг.