images

Гүр.Нямдорж: Гүйцээ, бусдыг нь би бичнэ


   "Хоёр одод огтлолцох тэр бяцхан чөлөөнд миний зовлонт од бий” гэж Х.Шарнэрс нэрээр Гүр.Нямдорж анд минь бичсэн байх юм. Тийм ээ, түүнд зовлон дутаагүй. Алс хольн Xөвсгөл аймгийн бөглүүгийн бөглүү Түнэл суманд төрөөд дөрөвдүгээр анги ч төгсөж чадалгүй ангийн буу алдаж хөлөө гэмтээсэн. Тэгээд хорь гаруй жил хиймэл хөлтэйгөөр хорвоог туулжээ. Тэгэвч хэзээ ч шантраагүй, биеийн амрыг ч харан cуугаагүй. Яагаад ч билээ дээ, Г.Аким гуай бид хоёр хөдөлмөрийн дэвтрийг нь санаандгүй нээгээд хартал Хөвсгөл аймгийн Хүнсний трестэд хэдэн жил ачигчаар ажилласан тухай тэмдэглэгээ байсан. Наян хэдэн онд модон хөлтэй хүн ачигч хийнэ гэдэг бол "Ёстой хүний тууж"-ийн хиймэл хөлтэй Алексей Мересьев онгоц жолоодож, бүжиг хийхээс дэндүү хүнд баймаар даа хэмээн гэнэт их өрөвдсөнөө санаж байна. Очиж очиж мухар хөл нь дахиад хугардаг нь ч юув. Гэхдээ тэрбээр "Бурханаас төрсөн дүрдээ л багтаж явах нь сайхан юм" гэж "Цочоод сэрсэн заяа" өгүүллэгээ төгсгөсөн байдаг аа. Бүх л зохиолдоо далдлагдмал cанаагаар өөрийнхөө зовлонт амьдралыг оруулаад байсан нь тэp байж. Богинохон настайгаа мэдрээд л байсан юм болов уу даа. Гэвч Нямдорж маань даан чиг бардам хүн байлаа. Хэзээ ч хүнд зовлон гунигаа ярин, уйлагнаж гоншгонож явсангүй. Авъяастай юм бол түүнийгээ үзье гээд наяад оны эхээр нийслэд орж ирсэн боловч зөвшөөрөлгүй шилжин ирэгсдийн зохион байгуулалттай баривчилгаанд өртөн нутаг руугаа хөөгдсөн гэдэг. 1993 онд Г.Аким авгай намайг Дорнодоос, Гүр.Нямдоржийг Хөвсгөлөөс татан авчирч их тус болсон, Нямдоржийн сэтгэл ч овоо цэлмэсэн. Гэвч бас л байр сууцгүйн харгайгаар мөн ч олон шавар тагз, модон амбаар дамжсан даа. Тэглээ гээд хэзээ ч гутраагүй. Намайгаа бас хазгар гэж голохгүй "Хөөе өвгөөн, дахиад л нүүх болчихлоо. Ачилцаад өгөхгүй юу” гэнэ. Амартөв гурвуулаа гараад л өгнө, ачилцаж базаагаад байх юмгүй, “Аавын цээж”-ид л багтааж орхино.

   Гэмтлийн эмнэлэгт хоёр сар хэвтэж, гурван ч удаа мэс засал хийлгэсэн атлаа хэнийг ч дуудаагүй, "зовоогоогүй" байсан. Эмнэлэгт нэг очсон чинь зураач А.Бат-Эрдэнийг танилцуулаад "Наадахдаа сайн тусалж яваарай. Харж хандаж яваарай. Хамгийн авъяастай зураач шүү" гэж байж билээ. Дорнод руу явахад нь зориудаар би очиж гаргаж өгсөн юм. Хэдэн сарын дараа Дорнодын онгоцноос хүн тосоод зогсож байсан чинь таягаа тулаад гараад ирсэн, бөөн хөөр болсон. Дөрөвдүгээр хороололд ахынд нь хамт ирээд жаал сууцгаасан. "Энэ хавиар нэг хэсэгтээ байна" гэсэн атлаа ердөө маргааш нь шахам Хөвсгөл рүүгээ явчихсан байсан. Тэгээд л энэ. Гүр.Нямдорж маань авъяаслаг зохиолч, яруу найрагч байлаа. “Хэмингуэйн зохиолыг уншиж уншиж цонх руу харвал зүс бороо асгарч байдаг. Пушкиний шүлгийг уншиж уншиж босвол хаалгыг минь цасан хунгар дарсан байдаг. Д.Нацагдоржийн шүлгээс бүрхээр, тогоо хөлөрч, Гүлрансын шүлгээс сүмэн өвс анхилна. Гүйцээ, бусдыг нь би бичнэ” хэмээн цэл залуудаа дуу алдсан байдаг. Дөрөвдүгээр анги ч төгсөөгүй найз минь хаанаасаа ийм сайхан уран үгс, учир шалтгааны гүн зохицол, далд санааг яасан гайхалтай шигтгэж өгөө вэ хэмээн биширнэм. Их уншсан хүний л шинж дээ. Ер нь түүний дэлхийн утга зохиолын асар их мэдлэгтэй нь Баабартай хийсэн маш том ярилцлагаас нь харагддаг юм".

Жигжидсүрэнгийн Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” номын 204-р тал