images

Дэлгэмэл толь шиг задгай, улаа бутарсан сайхан эр


   Намайг анх “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн газар ирэхэд хонгилд нэг дэлгэмэл толь шиг задгай, улаа бутарсан сайхан эр угтаж авсан нь авьяаслаг сэтгүүлч, яруу найрагч Жамцын Шагдар байсан билээ. Ж.Шагдар голдуу хонгилоор ийш тийш аажуухан алхаж явна. Тэгж алхаж явахдаа л бичих юмаа боловсруулдаг байсан хэрэг.

   Монгол улсын сонин сэтгүүлийн түүхэнд хүндтэй байр эзлэх хэдэн арван найруулал, тэмдэглэл бичсэн Ж.Шагдарыг шилдэг найрууллын эмхэтгэлийн номоос хасчихжээ. Тэгээд нөгөө хассан хүн нь түнтэй тааралдаад, юм багтахгүй болоод аргагүйн эрхэнд хассанаа хэлэхэд Ж.Шагдар “Зүгээр зүгээр, хүү минь. Харин чи өөрийнхийгөө оруулчихаагүй биз?” гэж асуужээ. Үнэхээр тэр хүн өөрийнхөө зохиолыг оруулчихсан байсан болохоор тун эвгүй байдалд орж билээ.

   Тэр үед байр хуваарилах гэж нэг сүрхий ажил байлаа. Сайн, муу толгойтой байх нь хамаагүй бидний урдуур дайраад л байр авна. Орон байргүй хэцүүдлээ, оочир дугааргүй хүн орлоо гээд л хурал болгон дээр бид их гомдоллоно. Тэгэхэд нэг хурал дээр Ж.Шагдар маань босоод “Монгол улс Манжийн дарлалаас гараад хоёр зуун жил болж байхад би Манжийн дарлалд хэвээрээ байна. Яагаад гэвэл би Таван буудалд хужаагийн байшинд хөлсөөр сууж байна” гээд хэлчихжээ. Дарга нар урдуур оочир дайрч байгааг шүүмжилсэн хэрэг. Ингээд бөөн юм болж улс төрийн алдаатай үг хэлсэн хэмээн удтал ороогдож билээ. Мөн нэгэн хурал дээр архи ууж ажил тасалдаг хүмүүсийн дунд нэр нь дурдагдахад “Ууж ажил таслах, сууж ажил таслах хоёрт үнэрийн ялгаа байна уу гэхээс чанарын ялгаа байхгүй шүү. Бидний ажлыг байснаар нь бус бичсэнээр нь дүгнэж бай” гээд инээж суусан эр дээ.

   Нэгэн удаа түүн дээр өлгийтэй хүүхдээ тэвэрсэн яруу найрагч хүүхэн ирж шүлгээ уншин зөвлөгөө авч байсан чинь Жамсранжав гуай орж ирж шүүмжлээд, албан байгууллага дээр хүүхэд байлгалаа гэж загналаа. Тэгсэн мань хүн ч мөчөөгөө өгсөнгүй “Та юу гээд байгаа юм. Албан байгууллага дээр хүүхэд байж болно. Харин хүүхэд хийж болдоггүй юм шүү” гэж билээ.

   Тэрбээр тавин нас хүрч Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Анх удаа энгэр цоолсон нь тэр байх. Зохиолч, яруу найрагчид цугласан нижгэр найр эхэллээ. Тэгтэл нөгөө медалиа ажил дээрээ шүүгээнийхээ нүдэнд мартаад хайрцгийг нь аваад иржээ. Нөгөөх чинь ажил руугаа очиж медалиа авахаас төвөгшөөгөөд ууцныхаа хажууд хайрцгийг нь тавьчихаад найраа эхэлсэн юмдаг. Уран зохиолоос бусад зүйлд жигтэйхэн хайнга ханддаг эр байж билээ.  

Ц.Байды. "Монголын уран зохиолын дээжис" XII боть. 17 дугаар тал