images

“Их нүүдэл” роман монгол орчуулгаар дамжин Хятадад гарсан нь


Оросын зохиолч А.Буйловын “Их нүүдэл” романыг 1989 онд монголоор орчуулсан Ц.Гомбосүрэнгийн дурсамжаас.  

   “Интернэтийн сангаас үзвэл "Их нүүдэл”-ийг Болгар, Польш, Японд орчуулж нийтэлсэн гэжээ. Манайд гарсныг дурддаггүй юм байж гэхэд Хятадад орчуулсныг мэддэггүй нь гайхалтай. Хятадад хэвлэх ажилд нь би зуучилсан учир хятад хэлээр хэвлэгдсэнийг мэдэж байгаа билээ. Энэ бол сонин тохиолдол. Өвөр Монголд дэлхийн утга зохиолын "Өнөр цэцэг" сэтгүүл байдаг. Тэр сэтгүүлийн 2003 оны эхний дөрвөн дугаарт Их нүүдэл”-ийг нийтэлсэн юмсанж. Хожим үзвэл миний орчуулгыг бүр монгол хэвлэлд зориулсан А.Буйловын үг ерөөл энэ тэрийн хамт хэвлэсэн байна лээ. Би тэр тухай огт мэдээгүй байсан бөгөөд уг сэтгүүлийн газартай холбоотой байдаг зохиолч Х.Зандраабайдий гуай нэг өдөр надад тэрхүү дөрвөн дугаарыг 1000 юанийн хамт авчирч өгснөөр би сая учрыг мэдсэн хэрэг.

   Тэгтэл 2011 оны гуравдугаар сард Өвөр Монголын Хэвлэлийн хорооны чухал албаны танил маань утасдаж Их нүүдэл”-ийг хятад хэл рүү орчуулж хэвлэх бодолтой байгаа хэмээгээд, зохиогчоос нь зөвшөөрөл авах замыг зааж өгөхийг надаас хүссэн юм. Тэр хүртэл Буйлов бид хоёр чухамдаа харилцаагүй явж ирсэн байв. Тийм учраас Москвад сууж байсан Элчин сайд Д.Идэвхтэнд хүсэлт тавьж, хаяг, утсыг нь олж авснаар бидний харилцаа сэргэсэн.

   Буйлов номыг нь хятад хэл рүү орчуулахыг баяртай зөвшөөрч, нотариатаар батлуулсан итгэмжлэлээ надад мөн оны тавдугаар сарын сүүлчээр ирүүлснийг би Өвөр Монголын нөхдөд дамжуулж, уг ном 2012 онд хятад хэлээр гарсан. Өвөрлөгч нөхөд маань зохиогчид оногдох хувь гэж арван ном ирүүлснийг би Буйловын Красноярскийн хязгаарын хаягаар долоодугаар сарын сүүлчээр илгээмжээр явуулж байлаа. Түүнээс нэлээд хожим буюу аравдугаар сард зохиогчийн шагнал гэж бас хэчнээн ч билээ юань над руу гуйвуулсан. Түүнийг нь би мань хүний Дивногорск хотынх нь банкны дансаар гуйвуулах гэтэл манай эндээс тийш нь гуйвуулах боломжгүй болж таарав. Би тэгэхэд түүн рүү утасдаж:

- Хятадаас төчнөөн юань над руу гуйвуулсан, чам тэр мөнгө хэрэгтэй юү гэж тоглоомоор асуусан чинь тэрээр тоглосныг ойлголгүй:

- Чи юу ярьж байгаа юм. Би чинь тэтгэврийн хүн шүү дээ гэж байж билээ.

   Ашгүй би удалгүй Улаан-Үд явж таараад, мөнгийг нь тэндээс гуйвуулж, уг асуудлыг цэглэсэн түүхтэй. Түүнээс хойш бид хоёр ганцхан удаа утсаар ярьж, тэгээд дахиад холбоо тасарсан юм байна. Тэгэхэд мань хүн нөгөө "нүүдэг өвчин" нь хөдөлсөн үү яасан, Толстойн эдлэн газар Ясная Поляна руу очиж суурьших бодолтой байгаа, тэндээс нэг нөхөр маань дуудаад байгаа гэж байсан юм. Гэтэл мань хүн Эрхүү мужийн Тайшет хотод 2015 оноос аж төрж байгаад 2020 оны хавар өөд болсон ажээ, хөөрхий...

   “Их нүүдэл монгол хэлээр 1989 онд хэвлэгдсэн, эдүгээ тэр номыг мэдэх хүн бараг байхгүй биз гэж би бодож явсан билээ. Гэтэл Буйловын нэрээр интернэт рүү орсон чинь үй олон зурагны дотор монгол хэвлэлийнх нь зураг байна. Түүнийг ухаж үзсэн чинь ЧҮНДЖ паблишинг гэдэг хэвлэлийн газар 2016 оны 3 дугаар сарын 27-нд нэлээд урт сэтгэгдэл тавьжээ. Ард нь хориод хүний comment байна. Хамгийн гол нь "Gan Bayar Ширээний минь ном. Сэтгэлд минь энэ номоор дамжин ойр дотно болсон цаатан иргэдтэй энэ зун Хөвсгөлийн Улаан тайгад уулзаж, мөрөөдлөө биелүүлсэн дээ. Гомбосүрэн гуай ч сайхан орчуулсан" гэсэн нэг comment байгаа нь үнэхээр баярлам үг. Эхний хоёр өгүүлбэрийг хэлж байна л даа. Нэг хүн дахиж хэвлэгдсэн болов уу гэж асуусан байна лээ. Энэ мэтээс үзвэл бас ч гэж гайгүй наслах орчуулга болж гэлтэй.

 Ц.Гомбосүрэн. “Орчуулга тойрсон хууч” ном. 2023 он. 17-18 дугаар тал.