images

“Алтан зул”


   Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн шүлэг, Гавьяат жүжигчин И.Болоожийн ая “Алтан зул” дуу зохиогдоод дөчин жил болжээ. Яруу найрагч Ш.Дулмаа Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг байсан бөгөөд тус хороонд байх Эх үрсийн цогцолборт дуун хөшөөг босгох саналыг дүүргийн мэргэжилтэн нь түүнд анх тавьж байжээ. Ингэснээр 2015 онд дэлгээтэй номын хуудас мэт хэлбэртэй цагаан гантиг чулуун дээр уг дууны шүлгийг сийлбэрлэж хөшөө босгосон гэдэг. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” тэргүүтэй дуунуудын шүлгийг бичсэн түүний бүтээлүүдээс анх удаагаа хөшөөнд мөнхлөгдсөн нь энэ юм. Яруу найрагч Ш.Дулмаа дуу бүтсэн талаар хэвлэлд хуваалцахдаа “Би алтан зул цэцгэн хээтэй дээлээр гоёх дуртай. Алтан зул цэцэг миний бэлгэдэл байгаа юм. Энэ дуу  наян онд л анх гарсан дуу. Залуучууд өнөө ч дуулаад бүжиглээд байдаг” гэжээ. Улмаар "Алтан зул хэмээх цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг онцлог. Тийм учраас Монголын ард түмнийг мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог гэж энэ дууг хийсэн" хэмээн хуваалцсан байна. Дуу судлаачид энэхүү дууг өнө мөнх оршихуйн бэлгэдлээс гадна байгаль хамгаалахад чиглэсэн гэж үздэг байна. Тухайлбал, “Хүн та өөрөө хөндөж битгий тасдаарай” хэмээх нэг мөр нь мөнх оршдог үндэс, ишийг газраас нь битгий тасдаарай гэсэн санааг илэрхийлж буй ажээ.