images

Аль түрүүний уух минь яав


   1985 оны тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дархан хотод социалист орнуудын зохиолчдын уулзалт, яруу найргийн баяр болов. Д.Цэдэв тэргүүтэй Монголын зохиолчдын бүрэлдэхүүнд Ц.Дамдинсүрэн гуай хүрэлцэн ирсэн билээ. Эхний өдрийн орой “Дархан” зочид буудлын кино үзвэрийн зааланд төвөөс ирсэн зохиолчидтой Дарханы утга зохиолын нэгдлийн гишүүд уулзалт зохиосон юм. Нэгдлийн гишүүд Ц.Дамдинсүрэн гуайгаас олон зүйлийг шимтэн асууж, их бичгийн хүн ч чөлөөтэй сайхан ярьж билээ. Улмаар “Зугаацахаар мордсон нь” бүтээлээ хэрхэн бичсэнээ ярьсан юм. Тус бүтээлээ Кавказын ууланд амарч явахдаа бичсэн тухайгаа, өдөрт зургаан мөр шүлэг заавал бичдэг байснаа, монгол хүн уншиж нутаг усаа бодог гэж бодон бичсэнээ ярьсан юм. Хожим Францын Обонь гэдэг монголч эрдэмтэн “Үүл” хэсгийг нь францаар орчуулсан бөгөөд яагаад зөвхөн тэр хэсгийг нь орчуулсныг асуухад “Олон хүн үүлний тухай бичсэн ч та хүний хэлээгүйг хэлсэн” гэж хариулсан тухай зэрэг олон сонирхолтой яриа өрнүүлсэн билээ.

   Маргааш нь үдээс хойш Дархан хотын намын хороо, захиргаанаас гадаад дотоодын зохиолчдыг хүндэтгэн цайллага хийв. Манай хотын утга зохиолын нэгдлийн гишүүдээс намайг МЗЭ-ийн гишүүн болохоор тэгсэн үү, тэрхүү цайллаганд урилаа. Зочид буудлын зоогийн нэг танхимд дүүрэн хүмүүс суусны дотор яагаад ч юм Ц.Дамдинсүрэн гуай үүдний ойролцоох ширээнд суусан байсан бөгөөд дэргэд нь нэг сул сандал байна. Би жаахан эргэлзэж байснаа очоод суучихлаа. Дарга нар нээлтийн үг хэлж хундага угсруулан тулгав. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуай хундагатайгаа дөнгөж амссанаа “Би үүнийг чинь уухаа больсон шүү дээ. Залуу хүү тогтоочих” гээд надад барих нь тэр. Тэр алдартай хүний алтан мутраас ерөөлийн хундага авна гэдэг өчүүхэн надад “алтан аяганаас рашаан хүртэх” мэт санагдан ихэд баярлан дотроо сүслэн байж тосон аваад нэрэлхсэндээ мөн л амсаад тавилаа. Хүмүүсийн яриа сонсон хэсэг сууж байтал танхимын нөгөө булангаас зохиолч Л.Чойжилсүрэн гуай халамцуухан ирж хэдэн үг сольсноо өнөөх хундагатайг минь шүүрч аваад хөнтөрчихдөг байгаа. “Аль түрүүний уух минь яалаа” хэмээн тэрхэн үедээ харамссан ч уулзалтын дараа эрхэм хүнтэй цуг татуулсан гэрэл зураг, дурсамж яриа хоёрыг авч үлдсэндээ одоо хэр нь бахархаж явдаг билээ.

Ахмад зохиолч Ш.Сүрэнхор. "Монголын уран зохиолын дээжис". XII боть. 285 дугаар тал.