images

Ю.Андроповт үнэлэгдсэн адтай монгол


   1967 оны хавар Ч.Чимид Зөвлөлтийн Энх тайвны хорооны урилгаар зочилж билээ. Тэр үед миний бие М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж байсан юм. Үдэлтийн зоогт огтын холбогдолгүй намайг дагуулан очлоо. Зоогийн танимд нүүр улайн балмагдаж байсан боловч гол томчууд нь болох А.Корнейчук, Мирзе Турсун Заде нарт намайг танилцуулан уур амьсгалыг дор нь өөрчилж би ч албаны хүмүүсийн тоонд багтав. Маргааш өглөө нь би Ч.Чимидтэй уулзахаар "Ленинград" зочид буудалд очвол Мягмаржав төлөөлөгч нүд нь орой дээрээ гарчихсан үүдэнд тааралдаж “Чимид хаачсан бэ? Өрөөндөө байдаггүй. Арван дөрвөн цагт Төв хорооны нарийн бичгийн дарга Андропов хүлээж авна гэсэн” гэж царайгаа барайлган өгүүлэв. Би ч бас санаа зовж орхив. Гэвч Чимид ямар ч нөхцөлд ажлаа алддаггүй, хэнтэй ч үг хэлээ ололцдог, зөн совин мэдрэмж сайтайд нь итгэж байлаа. Гэтэл ашгүй арван нэгэн цагийн алдад нэг дүүхэлзсэн амьтан буудлын үүдний эргэдэг хаалгаар ороод ирэв. Нэлээд халамцуухан, зовхи нь бүлцийжээ. Мягмаржав сандран “Өчигдрийн дугтуйтай юм яасан бэ?” гэж уйлагнах шахан асуув. Чимид энгэрийн халаасаа уудлан дугтуйтай юм гаргаж өгсөн нь рубль байжээ. Мягмаржавын баргар царай гэрэлтэн санаа нь амрав бололтой. Өрөөнд орсон хойноо Ч.Чимид надад даалгах янзтай “За би нэг цаг хагас унтъя. Чи намайг гаднаас цоожилж байгаад яг цаг болохоор сэрээнэ шүү” гэлээ.

   Тэрбээр яг цагтаа Кремлийг зорилоо. Явахынхаа өмнө толинд харж “Нүд бүлцийж үү, гайгүй юу?” гэж асууснаа “Дажгүй ээ, янзандаа байна. Чимид ах нь алзахгүй. Харин чи ганц юмтай хүлээж байхаа мартав аа” гэхэд нь “За би байж байна аа”  гэхээс өөр юу хэлэх билээ. Тэрбээр хоёр цагийн дараа ирээд “Уулзалт яриа дажгүй сайхан боллоо. Андропов чинь бас егзөр толгой байна шүү. Оноо алдах шахлаа” гэж бардамхан өгүүлээд “Алив нөгөөдөхөө. Одоо бол зуу татаж болно биз” гэв. Андропов даргатай ярихдаа Ч.Чимид “Хятадын бодлого нэхэл хатуутай. Жараад оны тусламжийг ч сайн санааны хандлага гэж монголчууд үздэггүй байсан. Ялангуяа манай настайчууд яс махнаасаа сайн ойлгодог юм” гэвэл Андропов “Жишээлбэл танай удирдагчдаас хамгийн ахмад нь Ж.Самбуу гуай байх аа?” гэхэд нь Ч.Чимид томчуудын нэр заан шууд хэлэхээс эвтэйхэн бултаж “Жишээлбэл манай аав байна. Хятад гүрний үе үеийн бодлого сонирхлыг сайн ажиглаж ухаарсан хүн дээ” гэхэд Андропов хэрсүү зангаараа егөөдөсхийн “Та тэгвэл аавыгаа дуурайсан ухаантай хүн юм аа” гэхэд нь агшин зуур сэтгэж “Улсууд намайг ээжийгээ илүү дуурайсан гэдэг юм” гэж хариулжээ. Андропов “Адтай монгол байна шүү” хэмээн инээмсэглэсэн гэдэг.

Монголын уран зохиолын дээжис. XII боть, 370 дугаар тал.