images

Сарьдаг өндөр


   Чойжилын Чимид нурууны өндрөөр төдийгүй нүүрийн баясгалан, үнэнхүү хийморлог төрхөөрөө олны дундаас ялгарч харагддаг содон хүн байлаа. Түүний гадаад паспорт дээр “Биеийн өндөр 182 см” гэж бичээстэй байдаг байв. Ц.Гайтав түүнийг “Туг ширээ” гэж нэрлэнэ. Нэг өдөр Ц.Гайтав “Манай сарьдаг өндөр” гэхэд нь уултай зүйрлэв гээд дотроо нэлээд додигор, дуугүй өнгөрчээ. Дараа нь бодож үзвэл биш оргиод явчихаж. “Манайхан бие биенээ үнэхээр ална шүү” гэж Ч.Чимид ярьж байж билээ. “Сарих” гэдэг үйл үгийн утгаар Ц.Гайтав эвтэйхэн хавчуулж орхисон хэрэг. Ч.Чимид бол арван гурван настайдаа маршалын илтгэлд орж, олны анхаарал татсан нь азтай нэгэн тохиол мэт санагдавч бяцхан хүүгийн авьяас билиг бүр эрт танигдсан хэрэг бөгөөд тэр нь өсөхийн бэрхшээлд унтарч саарсангүй. Харин ч гараанаасаа цойлсон хурдны морь шиг үеийнхнээсээ түрүүлэн боловсролын өндөр түвшинд хүрч чадсан юм. Тэрбээр улсын их сургуулийн гуравдугаар ангийг алгасан төгсөх курстээ орсныг дурдахад хангалттай. Тэрбээр арван найман насандаа “Би монгол хүн” шүлэг, “Жаргалын зам” дуурийн цомнолоо бичиж, хорин долоон насандаа А.С.Пушкиний “Евгений Онегин”-ийг орчуулсан юм.

“Монголын уран зохиолын дээжис”. XII боть, 367-р тал. Зохиолч Л.Чойжилсүрэнгийн дурсамж.