images

Р.Чойном мөрдөнгөөс ээждээ бичсэн нэгэн захидлын түүх


   Хөх ногооны униарт байгаль согтсон зуны ид сард хонь холбоод сааж суусан эхэд нь “Хүү нь улс төрийн хэрэгтэн болж шоронд орж гэнэ” гэсэн аймшигт мэдээ иржээ. Бие султай ч ингэтлээ зовоож байгаагүй хүүгээ яачихав даа гэсээр хөөрхий эх уулга алдан сандарч дэмий л “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирч байжээ. Ганц худагт байхад нь адгаж тэвдсээр ирж хүүтэйгээ уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй харин мөрдөн байцаагчтай нь уулзсан байна. Ээжийгээ ирээд зовж шаналж буйг дуулсан хүү нь шоронгийн давчуу өрөөнд олдсон алга дарам цаасыг шүлгээ бичнэ гэж хайрлалгүйгээр жижигхэн үсгээр жирийтэл бичсэн захиа нь хураагдаж ээжид нь очсонгүй, хавтаст хэрэгт нь хадгалагдсаар байжээ. Ээжид нь хүрээгүй хүүгийн зүрхний үгийг хорин хэдэн жилийн дараа ээжид нь сонсгосноо уншигч танд сонордуулья.

   “Мөрдөнгөөс хүү Чойном бичив. Хүндэт найз Тогоо минь сайн байна уу? Миний энэ захидлыг ээжид минь уншиж өгөөрэй. Би чамд их баярласан. Ээжид бичих нь: Хайрт ээж минь сайн байна уу? Юунд яарч сандарч ирээ вэ? Ишданзан ах эд нар сүр болж яаран хэл өгч сандаргаа шив дээ. Сая байцаагч маань хэл өгч энэ тухай ярилаа. Би мөрдөнд сууж л байна. Энэ тухай та огт санаа зовох хэрэггүй. Би цагаатгагдахгүй юм гэхэд таваас дээш жил авахгүй. Тэгээд Их хурлын даргад өргөдөл өгнө. Айх юм огт байхгүй ээ. Одоо мөрдөнд бие сайн, хоол эмнэлгийн зөвшөөрлөөр тусдаа хонины мах, гурилтай хоол, хагас кило талх, масло, сахарын нормтой. Намайг эмч нар үргэлж үзэж байгаа. Миний хэрэг улс төрийн хэрэг гэдэг боловч гайгүй хөнгөн хэрэг шүү дээ. Би анх их айсан юм. Одоо санахад инээд хүрч байна. Энд харин нэг муу тал нь ном ердөө үзүүлэхгүй, бичүүлэхгүй юм. Гэвч би цаас олоод юмаа бичээд хэвтэж байна. Ээж таны хувьд бол нэгэнт одоогоор надтай уулзуулахгүй тул яаран буцаад сэтгэл уужуу хүлээж бай. Би таслагдаад захиа бичнэ. Өөр хүний элдэв захидалд бүү итгээрэй, юм үзээгүй тэд жаахан юм дуулчихаад айхдаа хэт өсгөж ч байж мэднэ. Ээжийг С.Удвал даргад орохдоо барьж орох өргөдлийг хавар өгнө. Гуравдугаар сарын 8-ны наана орно гэж бодоод та хөдөө байж бай. Би энд алзахгүй ээ. Би таслагдаад хүнд ажил хийхгүй. Зураг зураад дулаан байранд сууна. Миний эрүүл мэндийг харж хамгаалах эмнэлгийн комисс байгуулагдсан. Таслагдахаар Дотоод яам өөртөө татаж авч аж ахуй дээрээ зураачаар ажиллуулна гэсэн. Ээж минь та МОНЦАМЭ-гээс миний хэдэн төгрөг гарсан байвал авч буцаарай. Энэ шоронд мөнгө их хэрэгтэй юм байна. За баяртай. Ёсолсон хүү Р.Чойном” гэжээ. Хүүгийнхээ захидлыг намуухан дуудуулж суугаа эхийн нулимс асгарсаар бидний сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Ганц худагт байхад нь ганцхан удаа хөөцөлдөж байж уулзан хүүгийнхээ духыг үнэрлэсэн юм. Юм ч ярьж болохгүй, дэмий жаахан уйлсаар эргэлтийн цаг дуусаж авчирсан жаахан юмаа өгч хувцасыг нь солиод гарсан ажээ.

   Яруу найрагч Р.Чойном эзэндээ хүрээгүй энэ захидалдаа “Намайг иймэрхүү явааг нөхөд болгонд дуулгаарай” гэж захисан нь бий. Өнөөдөр уншигч олондоо, түүний яруу найргийг хүндэлдэг бүхэнд энэ үгийг дуулгаж байна.

Ширчингийн Сүхбаатар. “Өдтэй бичиг” сонин. 1992 он. No.20