images

“Настан буурал эмээ”


   Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, МУГЖ Нанзадын Чулуунхүүгийн хамгийн анхны зохиосон уран бүтээл нь “Настан буурал эмээ” дуу юм. Тэрбээр нэг удаа Монголын радиогоор ороод гарч явахдаа яруу найрагч П.Сандуйжавтай тааралдахад тэр түүнд хандаж “Чи энэ шүлгэнд ая хийлгээд дуулвал гоё дуулна даа” гээд нэгэн шүлгээ өгчээ. Тэгээд Н.Чулуунхүү гэртээ ирээд өнөөх шүлгийг нь уншаад гитар дээрээ оролдсоор ая хийжээ. Улмаар хэд хоногийн дараа Ц.Чинзоригтой уулзаж “Ийм дуу байж болох уу. Ямар вэ?” гээд дуулж үзүүлтэл “Ямар хөөрхөн юм бэ. Болчихсон байна шүү дээ” гээд дор нь ноотлож өгснөөр энэ дуу бүтсэн түүхтэй. Тэгээд дуугаа Монголын хөгжмийн зохиолчдын холбооны журмаар батлуулснаар “Настан буурал эмээ” дуу удалгүй сонсогчдод хүрч, хүн бүрийн дуулах дуртай дуу болсон байна. МУГЖ Н.Чулуунхүү нь энэ дуугаа зохиосноос хойш өдийг хүртэл нийт 800-гаад уран бүтээл туурвижээ.