images

Хотын хүүхэнтэй зохиолч Б.Догмидын сүжирхсэн паян


   "Б.Догмидыг хотын хүүхэнтэй сүжирхсэн паянг би урьд нь сонссон байлаа. Тэр хүүхнийг нь ч сайн мэднэ. Нэг удаа тэр сэдвээр яриа өдөв. Ханиа алдаад удсан ч залуу зандан эр хүнд түшиг болох бүсгүй таараагүй  л байлаа. Үе тэнгийн найзууд нь түүнийг өрөвдөж энд ч нэг сайхан хүүхэн байна. Тэнд ч нэг сайхан хань болчих бүсгүй байна гэнэ. Тэгэхэд Б.Догмид хариу тоглоом хийгээд өнгөрөөдөг байв.

   Түүний олонд шагшигдсан анхны өгүүлэгүүдийг уншиж ихэд уярсан, боловсролтой, зохиол бүтээл ч оролддог, хойно төгссөн, нуруу туруу тэгш, нүд хөмсөг болсон бүсгүй нэг удаа “Б.Догмид зохиолчийг та нар олоод надтай уулзуулдаг юм бол би гэргий нь болж чадна” хэмээн нөхдөдөө ам гарчээ. Эм хүн тэгж ам бардам хэлж байхад түүнийг нь сонссон Монгол телевизийн найруулагч, зураач Ц.Жагдал, зохиолч Ж.Барамсай нар дор нь Б.Догмидод хэл дуулгаж, түүнийг хөдөөнөөс хурдан ир гэж дуудуулжээ. Үнэн ч бай, худал ч бай өөрийг нь гололгүй өдөж хатгасан, бас чиг уран бүтээлийг нь бахдаж үнэлсэн, эм боловч эр мэт шулуун шударгуу ааштай тэр сайхан бүсгүйг үзэхээр тэрбээр нийслэл хотноо иржээ. Уран бүтээлч нөхөд нь түргэн авч өнөөх бүсгүйн гэрт яруу найргийн “үдэшлэг” болж, бүсгүй ч хэлсэн үгэндээ хүрч, Б.Догмид зохиолч хэдэн сар тэднийд нялхран жаргажээ. Гэвч анхны хань нь бодогдоно. Тал, говьдоо дураар “тэнэж”, тэнгэрийн хаяа ширтэж тэмээ шиг салхидаж явдаг түүнд дөрвөн хананы дунд байтугай дөрвөн уулын дунд ч сэтгэл нь давчидна. Тэгэсхийгээд тэр нутагтаа буцав. “Яасан бэ? Татлаа түлхээгүй, уран бүтээлч хүнтэй сэтгэл санаа нийлэх, ажил албатай, гялалзсан хүүхнээс нүүр юунд буруулав” хэмээн нөхөд нь шалгаахад тэрбээр:

“Цаг бүртгүүлж

Цалин авдаггүй надад

Байшин нь өндөрдөөд

Байхуу нь шингэдээд

Байцай нь сэрүүдүүлээд байх юм аа” гэж хэлсэн гэдэг. Тэгээд ч бас хотын хүүхэн олон ч тэдэнтэй танилцах гэдэг хэцүү. Архи дарс, мөнгө төгрөг, орон байр, унаа хөсөг, төрсөн өдөр, төгссөн сургуулийн хамт олон гээд “бурхан болоочийг нутаглуулахаас” наанагүй хадаг, цайнаас бусдыг бэлдэх бөөн ажил болох юм гэж ёжилсон үгийг зарим нөхөд нь ам дамжуулан ярьж инээлддэг билээ. Энэ бүхэн бол ХХ зууны наяад оны паян л даа. Энэ тухай Ж.Лхагва “Атга чулуу”(1990) номдоо их уран гоёор тодорхой бичсэн байдаг".

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” номын 32-34 дүгээр тал