images

Конспектгүй хичээл заадаг гэдэг худлаа юм шив дээ


Утга зохиол судлаач Гомбын Жамсранжавын хууч ярианаас

  Ч.Лодойдамба Намын Төв Хороонд ажиллаж байв. Гэсэн ч Зохиолчдын хороогоор байнга ирнэ. Уншсан ном, зохиолоосоо сонин содон зүйлс их ярина. Тэмээн аалз, олгой хорхой, шар хорхой, хүн гүрвэлээс эхлээд Алтайнхны дэврүүн домог, сүрлэг адал явдал, байгалийн гайхамшигт үзэгдлүүдээс хуучилна. И.Ефремовтой хуучилснаа, түүний удирдсан эрдэм шинжилгээний ангийнхантай хамт лууны яс эрэлцсэнээ ярина. Зөвлөлтийн нэр эрдэмтэн, уран зөгнөлт зохиолч И.Ефремовын урлах эрдмийг судалж “Алтайд” романыхаа баатруудыг сэтгэлдээ буйлуулж ноён нурууг нь босгож яваа нь тэр. Тэрбээр зохиолоо шөнөжин бичнэ. Зохиолын тэмдэглэлээ хаана, хэдийд ч биеэсээ үл салгана. МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд Ч.Лодойдамба оюутнуудад лекц уншиж байж л дээ. Ерөнхий захирал Б.Ширэндэв хичээлийн эрхлэгч оростой хамт ороод иржээ. Багш профессорууд хичээлээ конспекттэй зааж байгаа эсэхийг шалгаж явсан нь тэр юмсанж. Тийн шалгаж явааг нь гадарласан учир Ч.Лодойдамба хатуу хавтастай зузаан номын завсар хавчуулсан бичигтэй цаасыг нааш цааш эргүүлэн яриад байж гэнэ. Б.Ширэндэв “Ашгүй мань хүн конспект бичиж дээ” гэж олзуурхан бодоод нөгөө цаасыг нь авч үзвэл конспект биш харин “Алтайд” романых нь гар ноорог байжээ. Хичээлийн эрхлэгч монгол хэл мэдэхгүй учир Б.Ширэндэвээс “Конспект уу?” гэж асуужээ. Б.Ширэндэв захирал “Тийм” гэж хариулсан байна. Хичээлийн эрхлэгч “Конспектгүй хичээл заадаг гэдэг худлаа юм шив дээ” гэхэд нь “Харин тийм байна” гэж хариулаад шалгалт өнгөрсөн байдаг. Хожим би Б.Ширэндэв гуайгаас энэ явдал үнэн эсэх талаар асуухад тэрбээр жуумалзан инээмсэглэснээ “Тийм явдал болсон” гэж билээ. Ч.Лодойдамба “Конспект нухаж сууснаас хөтөлбөрийн дагуу холбогдох ном сайн уншаад зохиолоо нухаж суусан нь дээр” гэдэгсэн.