images

Банди нарыг сэрээ, би одоо очлоо


   Ч.Чимид намайг Москвад байхад нэг удаа “түргэн авхуулсан” юм. М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн оюутны байрны долоон давхарт унтаж байтал шөнө дөлөөр жижүүр орос авгай гүйж ирээд хаалга нүдэв. Тэгээд намайг дуудан “Танай Элчин сайдын яамнаас яаралтай ярья гэж байна” гэлээ. Гэр орны тухай таагүй юм санаанд орж зүрх түгшин нэг мэдэхэд долоон давхраас нэг давхарт буучихсан байлаа. Утасны салангид харилцуурыг эмзэглэн авбал “Байна уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр. Би бага зэрэг тайвширч амьсгаа аваад цааш чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол би “Россия” буудлаас Цэвэлсүрэнгээс оргоод М.Чойжилынд байна. Чи банди нарыг сэрээ. Би одоо очлоо” гэж тушаал буулгаж байна. “Одоо шөнийн гурван цаг болж байна. Сэрээгээд юу бүтэх юм бэ? Яаж ийгээд өглөө болго. Тэгээд та хүрээд ир” гээд би харилцуураа тавилаа. Шатаар дээш өгсөх зуураа уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг сэтгэл хоёрдож явав. “Элчин сайдын яамнаас ярьж байна” гэдэг нь орос авгайг мэдэх Ч.Чимидийн заль юм. Тэгэхгүй бол шөнөөр хэнийг ч дуудаж өгөхгүй гэдгийг догь толгой мэдэж ов сийлсэн нь тэр. Өглөө дөнгөж үүр гийж байхтай уралдан над дээр хүрээд ирлээ. “Манай дүү энд байдаг юм. Тэр төлнө” гэж хэлээд таксигаа байрны хажуу талын цэцэрлэгийн дэргэд хүлээлгэснийг би очиж тооцоо хийгээд явууллаа. Тэгээд л ёстой “банди нарыг сэрээж” дайчиллаа. Бөглөө мулталж, шүлэг уншиж, зохиолчдын тухай хуучилж, өөрийнхөө жинхэнэ төрхийг олж, хөгжилтэй, хэлэмгий цэцэн болсон Ч.Чимид маань заавал М.Горькийн сургууль дээр очиж Е.Долматовский, Лев Ошанин нартай уулзана гээд Готовын Нямааг дагуулаад явлаа. Тэр замдаа троллейбусанд орос авгай нарыг мэргэн цэцэн яриагаараа бишрүүлэн, хэн бүхнийг баясган гийгүүлж явсаар сургууль хүрч Е.Долматовскийтэй учран хичээлийн танхимд нь орж, тэдний сэтгэлийг хөвсөлзүүлэн татаж, гүн гүнзгий мэдлэг хийгээд үзсэн дуулснаараа бахдуулан баясгаж байжээ. Энэ бол Ч.Чимид Москвад ирсэн сүүлчийн нь учрал байсан юм.

“Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би” хэмээн хэлэх тоолонд агуу Ч.Чимид бидний сэтгэлд амилнам билээ.

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Долгионт жилүүдийн туужис” номоос