images

Хүн бүрээсээ юу, хир буртгаасаа юу?


   Өнгөрсөн зууны 70, 80-аад онд МАХН-ын Төв хороо хоёр уриа гаргаж бараг л цэцэрлэгийн хүүхдээс эхлэн бүх шатны сургуулийн сурагчдад албаар цээжлүүлж байсан юм. Түүний нэг нь “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэсэн утгатай. Нөгөөх нь “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн” гэсэн утгатай байсан сан. Би үүнийг хүүхэд шиг үг үсэгчлэн цээжлээгүй болохоор ерөнхийд нь тоймлон бичлээ. Энэ хоёр уриа лоозонг газар сайгүй хадаж нааж, хүүхэд цээжилсэн эсэхийг байн байн шалгаж байв. Багш нар асуухад “Хүн бүрээсээ юу? Хир буртгаасаа юу?” гэж асуусан хүүхэд загнуулж гэнэ. “Цээжилсэн үү?” гэхэд нь “Аль хэдийн амны уншлага болчихсон” гэж хариулаад буруудаж гэнэ гэх мэтийн инээдэмтэй яриа сонсогддог байлаа. Бас манай ардын “Дуслыг хураавал далай” гэсэн гайхамшигтай мэргэн үгийг гуйвуулан “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” болгож, ингэснийгээ “Далай болно” гэдэг чинь асгаад бай гэсэн үг биз дээ гэж ард түмнээс илүү ухаантай болох гэж цэцэрхээд амжилт олоогүй өнгөрч билээ.