images

"Цасан дээрх танго"


   1993 оныг угтсан шинэ жилийн баяраар МҮОНТ “Зул сарын баяр ба цасан дээрх танго” нэртэй ““Баярын мишээл” нэвтрүүлгийн дугаар бэлтгэжээ. Тэр үед нэвтрүүлгийн найруулагч, редактораар ажилласан хөгжим судлаач Д.Батсүрэн нэвтрүүлэгтээ зориулж “Цасан дээрх танго” гэдэг шүлэг бичсэн байна. Улмаар түүнийгээ нэвтрүүлгийн дуу болгохоор шийдэж “Варьете” чуулгын хөгжмийн зохиолч С.Тараа дээр очив. Шинэ жилээс ердөө долоо хоногийн өмнө шүлэг авчраад ая хийхийг гуйсан тэр орой С.Тараа гэртээ харингуутаа шууд ноот бичиж, ая хийжээ. Тэрбээр энэ тухай “Д.Батсүрэн гуай намайг гадагшаа сургуульд явахад надаас шалгалт авч байсан том хүн. Тийм хүн шүлэг барьж ирэхээр айх, сүрдэхдээ маш хурдан ая хийсэн” хэмээн ярьсан юм. Ингээд дуу бэлэн болоход Н.Оюунчимэг, Г.Эрдэнэбат нар дуулав. Тухайн үед “Варьете” чуулгын дуучин байсан Н.Оюунчимэг дээр Д.Батсүрэн гуай очиж ""Баярын мишээл" нэвтрүүлгийн энэ дууг чи дуул" гэжээ. Шинэ жилээс ердөө гурав хоногийн өмнө шинэ дуу авчирч өгсөн учраас цаг давчуу байгааг учирлавал “Чи мэргэжлийн дуучин юм бол сураад дуул” гээд гараад явчхаж. Харин хоршин дуулах эрэгтэй дуучнаар нь “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуягыг сонгох гэж байснаа больж Уралын хөгжмийн сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр дөнгөж төгсөж ирсэн Г.Эрдэнэбатыг сонгосон байна. Ингээд хоёр дуучныг танилцуулж, тэд ч хоёр өдрийн дотор дуугаа бэлдээд нэвтрүүлэгт амьдаар дуулсан түүхтэй аж. Хожим Г.Эрдэнэбат дуучин Д.Марта, Ө.Уянга, Э.Бүрнээбаяр, Б.Сарантуяа нартай хоршин дуулж байв.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.