images

“Дангина”


   Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяр “Дангина” дууны шүлгийг 2015 оны хавар бичжээ. Тэрбээр анх удаа Байгаль далай үзэж, Иволгын дацан, Улаан-Үд, буриад зоны нутгаар аялж явахдаа нэгэн шүлэг бичсэн аж. Удалгүй нутагтаа ирснийхээ дараа хөгжмийн зохиолч А.Энхтайванд шүлгээ үзүүлтэл ихэд олзуурхаж шууд л авчхаж гэнэ. Ингэхдээ "За энэ дуу болчихсон шүү" гэж хэлээд л яваад өгчээ. Тэгээд хоёр гуравхан хоногийн дотор ая хийгээд Дорнод нутгийн дуучин Б.Эрдэнэбаатарт өгч дуулуулж аялгуугаа Г.Сонинбаярт сонсгосон байна. Энэ дуу 2017 оны "Морин хуур" наадамд оролцож нийтийн дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. “Дангина” дуу хэрхэн бүтсэн талаар  яруу найрагч, хөгжмийн зохиолч нар нь хоёул хэвлэлд ярьж байжээ. Тухайлбал яруу найрагч Г.Сонинбаяр “Үндэсний шуудан” сонинд “Буриад зоны дунд өссөн болохоор яах аргагүй л ахуй, сэтгэлгээ, үүх түүх, зан заншил нь сэтгэл зүрхэнд ойр дотно байдаг. Тиймдээ ч уран бүтээл минь буриад зоноос салахын аргагүй гэж хэлж болно. А.Энхтайван ах бид хоёр хэд хэдэн уран бүтээлд хамтарч байсны дотор "Сэнхир нютаг", "Алтаргана",  "Хорь буриадын нутаг",  "Цэцэн хааны нутаг" зэрэг дуунууд бий” гэжээ. Харин хөгжмийн зохиолч А.Энхтайван “Өдрийн сонин”-д “Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Сонинбаяр найрагч “Дангина” нэртэй шүлгийг надад 2016 онд өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг тэр оны өвөл хийлгэлээ. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж хэлсэн. Анх бол Хэнтий аймгийн дуучин Чулуунбаатар дуулж, олон нийтэд хүргэсэн. Мөн дуучин Нямдаваа дуулж 2018 онд “Морин хуур” наадамд орж байлаа” гэж ярьсан байна.