images

“Миний ээж”


“Монголын үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ээж

Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж

Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж

Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж” буюу Дашдоржийн Нацагдоржийн “Миний ээж” шүлэгт дөрвөн хөгжмийн зохиолч ая хийн дуу болгосон түүхтэй. Энэ дуунд ая хийсэн хөгжмийн зохиолч Ж.Шараа гуай “Намайг сургуульд орохын өмнө ээж минь бурхан болсон юм. Дөрөв төгсөхөд аав минь өөд болсон өнчин хүн дээ, би. Тиймээс дотуур байраар л явж өслөө. Тэгсэн нэг өдөр Б.Зангад “Чи энэ дуунд ая хийгээдхээч” гэж хаалганы цаанаас ярьсаар орж ирэв. Тэгэхээр нь сайхан шинэ шүлэг олоод иржээ гэж бодтол Д.Лувсаншарав гуайн түүврийг барьчихсан ороод ирэх юм. Тэр түүвэрт “Миний ээж” шүлэгт хийсэн ая нь бий. Би ч Б.Зангадад “Энэ шүлэгт Д.Лувсаншарав, С.Цоодол гуай ая хийчихсэн шүү дээ” гэлээ. “Нэг үгэнд хэдэн ч ая хийсэн яадаг юм” гээд гараад явчихсан даа” хэмээн ярьжээ. Ингээд “Монголын үзэсгэлэнт саран гуа...” гэж нэгэнт цээжинд явдаг шүлэгт хичээлийн завсарлагааны зуурт тэр дор нь ая хийж орхив. Тэрбээр тэрүүхэн зуурт ээжийгээ бодож ая хийснээ дурссан бөгөөд Б.Зангад гуай сонсуутаа “Сайхан болсон байна. Одоо дуулна аа” гэжээ. Тэгэхэд нь “Дуулах нь ч дуулна. Гэхдээ хоёулаа учиртай баймаар байна. Миний өмнө хоёр мундаг хүн ая хийсэн шүү дээ” гэж санаа чилээв. Учир нь, тухайн үед дууны үгийг Б.Явуухулан, аяыг тус дуунд ая хийсэн Д.Лувсаншарав баталдаг байжээ. Ямартай ч тэд Монголын радиод очиж бичүүлтэл радиогийн редактор, хөгжим судлаач Даш “Радиогийн алтан фондод оруулъя” гэж сандаргав гэнэ. “Оруулж болохгүй, болохгүй” гэтэл “Яагаад ийм сайхан дууг оруулдаггүй юм” гэж гайхжээ. Ж.Шараа гуай ч “Б.Явуухулан гуай Д.Нацагдоржийнхоо шүлгийг шууд баталдаг юм байгаа биз. Д.Лувсаншарав гуай ая баталдаг хүн нь байхад би яаж очиж батлуулах юм бэ” гэлээ. Тэгээд тэд зөвлөж зөвлөж больжээ. Удалгүй Даш гуай утас цохьж Ж.Шараа гуайг радиод дуудав. Тухайн үеийн томчууд радиод ирж хөгжим сонсох зуур шинэхэн хөгжимтэй болсон “Миний ээж” дууг хавчуулах санаа төрсөн нь тэр юм. Ингээд Ж.Шарааг явж очтол С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Г.Дарамзагд, Д.Лувсаншарав, Э.Чойдог, Б.Дамдинсүрэн, С.Цоодол гээд бүгд ирчихсэн байж гэнэ. Тэд ч “Хасбаатар” симфони, Э.Чойдогийн удирдтгалыг чагнаад дуустал С.Гончигсумлаа гуай босож ирээд “За, би өөр ажилтай тул явлаа” гэвэл Даш гуай “Би нэг дуу сонсгоодхоё. Зохиогч нь алтан фондод өгөхгүй гээд байгаа юм” гээд л шуудхан хэлж орхижээ. Тэр “Би дууны аяыг хийсэн хүний нэрийг хэлэхгүй. Үгийг нь бол та нар бүгд мэднэ. Д.Нацагдоржийн "Монголын үзэсгэлэнт сарангуа” гээд дууг тавив. Хоёр хийл, төгөлдөр хуурын аян дээр “Миний ээж” дуу эгшиглэж, хөгжмийн зохиолчид түүнийг ийн чагнаж байхад Ж.Шараа гуай үүд бараадаад сууж байсан гэдэг. Харин С.Гончигсумлаа гуай ч яаруу яваа тул хаалга онгойлгож зогсонгоо сонсов гэнэ. Тэр гарахдаа “Ийм дуу фондод өгдөггүй юм бол өөр ямар дуу өгдөг юм бол доо” гээд цааш яваад өгчээ. Ж.Шараа гуай ч Д.Лувсаншарав гуай юу гэдэг бол гээд хараад байж. Тэгсэн “А.С.Пушкины шүлэгт олон хүн ая хийж Глинкийн хийсэн ая түгсэн гэдэг. Дуунд хэдэн ч хүн ая хийсэн болно шүү дээ. Сайхан л болсон байна” хэмээн ам нээжээ. Ингэж л Ж.Шараагийн хөгжим “Миний ээж” дуу Монголын радиогийн алтан фондод орсон байна.

   Ийнхүү Ж.Шараагийн ая хийснийг Б.Зангад дуулсан бол Дорноговь аймгийн театрын дуучин Л.Нарантуяа 1983 онд улсын уралдаанд орохдоо Д.Лувсаншарав гуайн ая хийснээр дуулж байсан аж. Харин С.Цоодолын ая хийснээр алдарт уртын дууч Дорждэрэм дуулж Монголын радиод бичүүлсэн түүхтэй. Мөн хөгжмийн зохиолч З.Хангалын ая хийснээр "Миний ээж" дууг ДБЭТ-ын дуучин Б.Банзаржав дуулж 1974 онд Монголын радиогийн алтан фондод бичүүлжээ.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.