images

Баатарнум


  МЗЭ-ийн шагналт сэтгүүлч, хурандаа Г.Баатарнум манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

    Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1957 оны тахиа жил төрсөн хүн. Манай эцэг, эх надад нэрийн минь талаар тайлбарлаж өгч байснаас ярья. Манай нутагт Омбоо Содном хэмээх уран дархан хүн байсан юм. Ээж минь өнөө маргаашгүй төрөх дөхчихсөн тэр үеэр Омбоо Содном гуай манайхаар буугаад мордож. Хэсэг саатаж суухдаа ээжийн бие тэнхээг тандаж мэдээд "Удахгүй төрөх юм байна. Хүү гарвал баривчинд нь зүүж өгөөрэй” гээд жижигхэн мөнгөн нум сум өгөөд явжээ. Тэгээд түүнийг мордсоны араас ээж маань ч дуншиж өвдөөд төд удалгүй би төрсөн гэдэг. Хөгшчүүд тухайн үед тэр мундаг хүн буугаад мордохдоо үнэтэй эдээ бэлэглээд явсныг бэлгэшээж ийм нэр өгсөн гэж байсан. Бас миний унасан газрыг Харваах гэдэг. Сайхан тал нутаг байдаг юм. Дээр үед Чингисийн их цэрэг буудаллаад урагшаа дайлаар мордож явсан гэдэг домог ч бий.  Тэр дархны өгсөн нум сумыг аав, ээж минь хэсэгтээ л баривчинд минь зүүж явсан юм билээ. Би Омбоо Содном гуайг амьд сэрүүн байхад нь харж л байлаа. Сайхан өндөр нуруутай, зүс сайтай мундаг дархан хүн байсан. Түүний хийсэн мөнгөн аяга, эдлэл хэрэглэл манай нутгийн айлуудад бий. Хүүхэд байхдаа би нарийн ширийн юмны хойноос хөөцөлдөж асууж мэддэггүй байж. Арай том болсон хойно маань хүмүүс миний нэрийг сонирхоод эхлэхээр өөрөө сонирхох болов. Би 1974 онд найман жилийн сургуулиа төгсөөд нутгаасаа гарсан хүн. Улмаар Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон. Дараа нь цэргийн сургууль төгсөөд цэрэг армиар л өдийг хүртэл явж ирлээ. Тэр завсар Омбоо Содном гуай бурхан болсон гэж дуулсан.

   Надтай адилхан нэртэй хүн нэлээд хэд бий шүү. Би заримыг нь мэднэ. Нэг нь манай суманд яг надтай адилхан газар төрсөн, морь уядаг залуу бий. Аав нь Пүрэвсүрэн гэж, бас л нутаг орондоо сайхан хурдан морь уядаг хүн. Тэр амьдаатайгаа 2-3 жилийн өмнө нутагтаа очоод уулзсан. Өөр нэг нь 1990-ээд оны үед цагдаагийн хошууч байсан Б.Баатарнум. Би тэр хүнийг юм бичдэг гэдгээр нь танина. Бүр цаашилбал, Нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуулийн сургалтын менежер Дорж гэдэг өвгөн байсан юм. Тэр хүний тухай би 1990-ээд оны үед “Улаанбаатар” сонинд бичиж байлаа. Тэр хүний тухай нийтлэл сонин дээр гарахтай зэрэгцэн охин нь амаржиж хүү төрүүлжээ. Дорж гуай талархсан сэтгэлээр юм болов уу, бэлгэшээсэн ч байж магадгүй, шинэ төрсөн зээдээ миний нэрийг өгсөн байж билээ. Сайхан настай хүн байсан даа. Сүүлд бүртгэл мэдээллээс харахад миний ижил нэртэй зуугаад хүн байсан. Хүмүүс насаараа цэрэг армиар явсан намайг “Чиний нэр хувь заяаг чинь заажээ” гэдэг юм.