images

“Тогтохоо байлаа”


   Хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын ая, О.Жигмэдготовын шүлэг "Тогтохоо байлаа" дуу зохиогдоод 60 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ахмад сэтгүүлч О.Жигмэдготов мэргэжил нэгт П.Алтанцэцэгтээ дуу бүтсэн түүхээсээ хуучилсныг үзвэл 1957 онд МУИС-ийн оюутан байхад нь тэдний ангид Өвөр Монголын хоёр оюутан байжээ. Нэг нь Норжин хэмээх эмэгтэй байсан бөгөөд түүнтэй нэг ширээнд сууж хамтарч хичээлээ давтаж явсаар хоёр жил шахам үерхсэн байна. 1958 оны зун Норжин нь Жанчивланд амраад ирчихсэн байхад нь түүн дээр хотод сүү, тараг зарах далимаар очиж уулзжээ. Тэгтэл "Жигмэд би морь унамаар байна" гэхэд нь аавдаа учир байдлаа хэлж ойлгуулаад Уядаг хээр, Сайвар хээр хоёрынхоо дэлийг нь засуулаад авчирчээ. Хашаандаа уяж хоносоны маргааш өглөө нь хөтөлгөө морьтойгоо үерхдэг бүсгүйнхээ суудаг байшингийн үүдэнд очиж түүнийг дуудан Чингэлтэй уулын зүг хамтдаа явсан байна. Норжинг морин дээрээ шаламгай гэгч мордоод түрүүлэн явахад араас нь давхиулсаар хоёул ойн цоорхойд очиж, элдвийг ярилцан нэгэндээ ном сэтгүүл уншиж өгсөөр орой болгожээ. Дараа нь долоо хоноод Норжин дээр иртэл "Би одоо буруудсан, гадаадын хүнтэй мориор зугаалсан, одоо бид уулзаж болохгүй" гэж гэнэ. Тэр намартаа л долоо хоног бүр уг асуудал яригдаж, авч хэлэлцсээр 1959 оны намар Норжинг нь Хөх хотын их сургуульд шилжүүлжээ. Нэг удаа О.Жигмэдготовыг баруун аймгуудаар оюутны урлагийн бригадад яваад ирэхэд Норжингоос нь зураг, захиа хоёр ирсний дээр "Бид хоёр дахин уулзахгүй нь. Үерхэж явсан алтан мөчөө битгий мартаарай. Намайг Хөх хотын их сургуульд шилжүүллээ" гэсэн өгүүлбэр байсанд сэтгэлийг нь өвтгөж, оюутан насны дурласан бүсгүйдээ зориулж шүлэг бичихэд хүргэсэн байна. Тэрбээр амралтаараа гэртээ очсон байх үедээ хүйтэн бороо асгарч, манан будан буусан өдөр хонь хариулж яваад шүлгээ бичсэн гэдэг.

 Пэрэнлэйн Алтанцэцэг "Сэтгэл зүрхний бичлэг" номоос