"Аман хуур" кино амьдралын минь эхлэл байсан
Өнөөдрийн Хууч
2023-07-06
Ахмад жүжигчин Дагвын Элбэгсайхан
УБДС-ийн кино драмын ангийг төгсөхдөө би “Амар хуур” киногоор дипломын ажлаа хамгаалсан юм. Анх оюутны ширээнээс киноны урлаг руу орно гэдэг ёстой хөлгүй их ус руу хөл тавьж байгаа юм шиг санагдсан. Кинон дээр миний сэтгэлт бүсгүйд тоглодог Эрдэнэчимэг орос хэлний багш мэргэжилтэй. Гэтэл би оюутан. Ёстой юу ч мэдэхгүй хоёр амьтан байлаа. Хамгийн хэцүү нь гэвэл гол дүр бүтээх, дээр нь танихгүй шахам хүүхэнтэй янаг амраг, хайр сэтгэлтэй болно гэдэг төсөөлөхөд ч бэрх байлаа. Гол нь би гэр бүлийн хүнтэйгээ энэ киноны зурган дээр танилцсан юм. Дөнгөж жинхэнэ хайртайгаа учирсан хүн өөр хүүхэнтэй “хуурамчаар” хайрлалцана гэдэг нэг л үнэмшилгүй. УГЖ М.Бадамгарав, найруулагч Б.Жамсран гуай хоёр л надад камертай харьцах, камерын өмнө чөлөөтэй байх гээд кино урлагийн цагаан толгойг заасан даа. Би “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд нэг туслах дүрд тоглосон юм. Тэгсэн чинь өөрийнхөө дүрд ч дуу оруулж чаддаггүй. Намайг сургуулиа төгсөөд очиход УГЖ М.Бадамгарав, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор нарын бүрэлдэхүүнтэй орчуулгын киноны групп байгуулагдсан юм. Тэгээд тэд намайг шалгаж үзээд л авчихсан. Анхны дуу оруулсан кино маань “Илд бамбай”-н Иоганн Вайсийн дүр байж билээ. Кинонд дуу оруулна гэдэг амаргүй. Энэхүү Вайсийн дүрд Зөвлөлтийн “Ленфильм”-ийн жүжигчин Станислав Любшин гэдэг хүн тоглосон юм билээ. Хожим тэр жүжигчнийг манайд ажлаар ирэхэд нь би уулзсан. Их намуухан, дөлгөөн хүн байж билээ.
Пэрэнлэйн Алтанцэцэг. “Сэтгэл зүрхний бичлэг 40 жил” номоос