images

"Үгүйлэн санана"


   1990-ээд оны эхэн үед “Харанга” хамтлаг дуулж, тухайн үеийн хит болж байсан “Үгүйлэн санана” дууны аяыг Ц.Чулуунбат, үгийг С.Оюун бичжээ. "Тань руу нүүж явна" киноны зохиолч С.Оюун бээр 2019 онд уг дууны үгийг бичсэнийхээ төлөө Төрийн соёрхол хүртсэн билээ. Тэрбээр нэгэн нэргүй шүлэг сонинд нийтлүүлснийг "Харанга" хамтлагийн Ц.Чулуунбат үзэж "Үгүйлэн санана" нэр өгөөд дуулсан нь тэр байсан бөгөөд энэ тухай яруу найрагч огт мэдээгүй явсан гэдэг. Учир нь, энэ дуу хит болж байх тэр үед зохиолч Булган аймагт "Ардын эрх" сонины сурвалжлагчаар ажиллаж байв. С.Оюун энэ талаар дурсахдаа "Тэр үед хөдөөгийн буйдад цахилгаан их тасарна, хааяа телевиз гарна, шуудан удаж ирнэ. Нэг удаа Улаанбаатарт иртэл одоо СУИС-ийн захирлаар ажиллаж буй  Э.Сонинтогос “Оюун эгч ээ, таны дуу хит болоод байгаа” гэж байна. Би хит гэдэг үгийг нь ч мэдэх биш. “Үгүйлэн санана даа” гэдэг дуу гэхээр нь их гайхсан. Би анх нэргүй шүлэг сонинд нийтлүүлсэн юм" хэмээн ярьжээ. С.Оюун гуай шүлэг нь дуу болоод зогсохгүй, түүгээр нэрлэсэн том тоглолт болох гэж буйг мөн л нэг өдөр Улсын циркийн дэргэдүүр өнгөрч яваад мэджээ. “Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана даа” нэртэй тоглолт болно гээд л эргэн тойрон гоё гэрлүүд асаачихсан, жигтэйхэн гоё юм болж байж гэнэ. Энэ тухай С.Оюун "Миний шүлгээр тоглолтоо хүртэл нэрлэчихсэн байдаг. Би дуучдынх нь зүсийг ч мэддэггүй ээ. Дараа нь тэр тоглолт телевизээр гарч байхыг би үзсэн юм. Тэр үед залуучууд сэтгэлээ их чөлөөтэй илэрхийлж хашгирч, дэвслээд сүртэй байсан даа. Өмнө нь залуус тэгж сэтгэлийн хөдлөлөө ил гаргаж чаддаггүй ч байж. Тэгээд би хэрэг болгон зориуд очиж хөгжмийн зохиолчтойгоо уулзаж, танилцаж байлаа" гэж ярьсан юм. Мөн түүнд наймаачид энэ дууг их сонсдог байснаа ярьдаг аж. Тэрбээр "“Москва, Улаанбаатарын хооронд вагонд энэ дууг л сонсдог байлаа” гэж надад олон хүн хэлсэн. Би ч өөрөө анх хилийн дээс алхаж Москвад очихдоо энэ шүлгийг бичсэн юм" гэлээ. Үнэхээр л "Үгүйлэн санана" дууны "Хол газар хилийн дээсэн дээр Хоёр биенээ үгүйлэн санана" гэдэг үг олонд хүрчээ. Хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат нэргүй шүлгийг дуу болгосон нь ч тэр энэ мөртэй салшгүй холбоотой гэнэ. Тухайн үед Унгар явсан эхнэр хүүхдээ санан гиюүрч суусан залуу чухам дээрх мөрүүдэд татагдан гэргийдээ зориулан дуу бүтээсэн нь тэр ажээ. Ингээд "Харанга" хамтлагийн Х.Лхагвасүрэн анх энэ дууг дуулж хит болгоод 1994 онд Улсын циркэд “Үгүйлэн санана” нэртэй тоглолт хийсэн юм. Мөн тухайн үед “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгт захиа бичсэн хүмүүсийн гучин хувь нь энэ дууг захиалдаг байжээ. Дуучин Х.Лхагвасүрэнгийн дараа энэ дууг 2010-аад оноос эхлэн П.Баярцэнгэл, Н.Бямбасүрэн, Б.Маралжингоо, Б.Сүхээ нар коверлож дуулсан юм.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.