images

“Мичид шүргэх Алтай”


     Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад ажиллаж байхдаа хөгжмийн зохиолч Т.Насанбуян Д.Батсүрэнгийн “Мичид шүргэх Алтай” шүлэгт ая хийж, тус чуулгын дуучин Лхагваа анх дуулжээ. Харин Монголын радиод дөрвөн дуучин энэ дууг дуулж хоолойгоо бичүүлсний анхных нь МУГЖ Д.Дашням байсан гэнэ. Т.Насанбуян 1970-аад оны эхээр хот орж ирээд Монголын ардын армийн ансамблийн дуучин Д.Дашнямаар дуулуулсан нь тэр бөгөөд энэ нь 1971 оны үйл явдал юм. Мэдээж дууг хэдийнэ МУГЖ цол хүртсэн баргил хоолойт дуучин Монголын радиогоор дуулсан тул энэ дуу тэгэхэд л монголчуудад түгсэн нь гарцаагүй.

     Хөгжмийн зохиолч “Орь залуу нас”, “Нисгэгчийн дуу” зэрэг дууны аяыг бичсэн нэгэн бол “Мичид шүргэх Алтай” дууны шүлгийг бичигч бээр мөн л хөгжим судлаач, МҮОНТР-д хөгжмийн редактор нэгэн байв. Д.Батсүрэн арван настайгаасаа цэргийн ангид үлээвэр хөгжим тоглож, найруулагч, урлаг судлаач мэргэжил эзэмшсэн хөгжим, яруу найраг аль алийг нь бичдэг хүн байжээ. Гэвч дууны эзэд хэдийнэ тэнгэрт дэвшсэн юм. 1990-ээд онд цаг солигдож, залуу дуучид хуучны дуунуудыг сэргээн дуулах үеэр С.Ганзориг энэ дууг дахин дуулсан байдаг. Учир нь тэр Говь-Алтай нутгийн хүү тул багаасаа бахдан сонсож өссөн дуугаа урын сандаа нэмэхийг хүссэн нь тэр аж. Улмаар сургуулиа дөнгөж төгссөн мэргэжлийн дуулаач хүү анхны цомгоо “Мичид шүргэх Алтай” гэж нэрлэжээ. Түүнээс хойш Д.Батбаяр, Б.Дэлгэрбаяр нар энэ дууг дахин сэргээж дуулсан билээ.

Эх сурвалж: Монголын радиогийн “Дуун увидас” нэвтрүүлэг.