images

“Учралын эгшиг”


     Дуучин Д.Эрдэнэцэцэг Болгар улсад Урлагийн их сургуульд суралцаж ирээд 1987 онд “Баянмонгол" чуулгад ажиллажээ. Ирээд удалгүй өөрийн гэсэн уран бүтээлтэй болохоор зорьж “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханд ханджээ. Тэрбээр “Жагаа ах аа, би харь газраас эрдэм сураад ирлээ. Гэхдээ ганц эрдмээр хол явахгүй юм байна. Сурсан мэдсэнээ монголчууддаа үзүүлмээр байна. Та надад нэг дуу зохиож өгөөч” гэж хүсжээ. Тэгэхэд нь ямархуу дуу байхыг асуутал “Уянгынх байвал сайн байна” гэсэн байна. Д.Жаргалсайхан тухайн үед “Соёл Эрдэнэ” хамтлагт ажилладаг байсан бөгөөд нэг удаа тааралдан ийн яриа өрнүүлээд өнгөрчээ. Тэгсэн Д.Эрдэнэцэцэг сарын дараа түүнээс дуугаа нэхэж гэнэ. Тэр үедээ арай дуусгаагүй байна хэмээн хойшлуулсаар гурван сарын дараа  яруу найрагч Ц.Чимиддоржоос нэг шүлэг аваад Улсын филармонийн тайзан дээр байдаг хар төгөлдөр хууран дээр аяыг нь зохиож, хоёр цагийн дотор л бүтээжээ. Д.Жаргалсайхан хэд хэдэн удаа дуулж өгсний дараагаар Д.Эрдэнэцэцэг үгийг нь хараад шууд л өөриймшүүлэн дуулсан байна. Сүүлд энэ дууг дуучин Э.Болор-Уянга сэргээн дуулж олны хүртээл болгожээ.

 

Эх сурвалж: Mnb.mn