images

“Монгол цуйван хэр вэ?”


     Япон залуус монгол хэлээр “Монгол цуйван хэр вэ?” хэмээн дуулж залуусын сонирхлыг ихэд татсан билээ. Энэ дууг хоёр япон, нэг монгол хүний бүрэлдэхүүнтэй “Chakaland” хамтлаг 2021 оны зун хийж, олон нийтэд цацсан юм. Тус хамтлаг 2020 оны зун байгуулагдсан бөгөөд уран бүтээл туурвихын зэрэгцээ Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг ажээ. Хамтлагийн ахлагч Чакатомо нь реппер, продюсерын үүрэг гүйцэтгэдэг бол хамтлагийн гишүүн Хао Блосом гоцлож дуулдаг байна. Харин монгол гишүүн Г.Энх-Эрдэнэ нь хөгжимчин, хөгжмийн инженерийн үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тэд 2021 онд Монголд аялал, уран бүтээлийн ажлаар ирэх хугацаандаа ikon.mn сайтад энэ дуу бүтсэн түүхээсээ хуваалцжээ.  Нэг удаа хамтлагаараа дуу гаргахаар сууж байх үедээ санамсаргүй хоолны талаар ярьж эхлээд монгол гишүүн Энх-Эрдэнээсээ дуртай хоолыг нь асуужээ. Тэр үед цуйвангийн талаар яриа их эрчимтэй өрнөж, "Монгол цуйван хэр вэ?" дууг бүтээх эхлэл тавигдсан байна. Тэгээд дуу нь үндсэндээ бэлэн болчихсон, клипээ хийж байх үедээ эхний 24 секундтэй хэсгийг цахим сүлжээнд оруулсан нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татжээ. Улмаар Япон дахь Монгол оюутны холбоо болон япон хүмүүсийн хамтран зохион байгуулсан  “Хаврын баяр” цахимаар болоход нь наадмын эхний өдрийн орой зохион байгуулагчдаас хамтлагийнхантай утсаар ярьж "Монгол цуйван хэр вэ?" дуугаа дуулж өгөөч гэсэн саналыг тавьсан ажээ. Тэд ч саналыг нь хүлээн аваад маргааш өглөө нь өөрсдөө зураг авалтаа хийгээд тэр даруй нь клипээ цацсан байна. Өнөөдрийн байдлаар энэ дуу хамтлагийн Youtube сувагт нэг сая гаруй үзэлттэй байгаа юм. Сонирхолтой нь тус хамтлагийнхан цуглаад хамгийн анх "Бактери" нэртэй дууг монгол хэлээр хоёр өдрийн дотор суугаад хийж байжээ. Мөн тухайн үедээ монгол хэлэнд сонирхолтой зүйр үг, хэлц үг юу болохыг монгол гишүүнээсээ асуугаад

"Буга намнаач нь манайд байна

Булга зүйгээч нь танайд байна" гэсэн хэсгийг оруулан хайрын дуу хийж, видеогоо анимэйшн маягаар хийж цацсан байна.