images

“Хонхны дуу”


    "Хонхны дуу" 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан холбоо байгуулагдсанаар Ялалтын талбайд ардчиллын сүлд дуу болон анх удаа эгшиглэж байжээ. Энэ явдлдаас хойш 25 жилийн дараа уг дуунд Төрийн соёрхол олгосон түүхтэй. "Хонх" хамтлагийнхан 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны тоглолтоо хийхээр товложээ. Тоглолтоос өмнө шинэ дуу гаргаж хүмүүст хүргэхээр яаравчлан асар богино хугацаанд бичүүлсэн дуунуудын нэг нь "Хонхны дуу" юм. “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр тухайн үед Монголын радиод ажиллахын зэрэгцээ Хөгжмийн зохиолчдын хороонд харъяалагддаг байв. Тэрбээр хороондоо Японоос бэлэглэсэн техник хэрэгслийг хариуцдаг байсан учраас хамтлагийнхаа ихэнх дууг энэ техник дээр бичсэн байна. Хамтлагийн гишүүд хөгжмийн фонограмм, стерео бичлэгийн талаар мэдлэг дутмаг байсан хэдий ч тоглолтын өмнө хоёр долоо хоногт бүх дуунуудаа бичүүлжээ. Ингэхдээ нэг дуугаа эхнээс нь дуустал алдахгүй тоглосоор дунд нь ямар ч эвлүүлэг хийлгүйгээр хурдан хугацаанд гараас гаргасан байна. Хожим хамтлагийнхан ярихдаа "Манай гитарын гоцлолыг хамтлагийн гишүүн Д.Энхболд түргэн шуурхай, нямбай гэгч нь гаргасан учраас дуу маань илүү сайхан болсон гэж боддог. Сүүлд анхны дуулсан хувилбараа сонсоход ганц хоёр алдаатай байдаг ч ард түмний хайртай дуу болсонд нь баярладаг" хэмээн дурсчээ.