images

"Монгол далай"


     Яруу найрагч Д.Банзрагчийн үг, хөгжмийн зохиолч Ч.Сэнгэдоржийн ая "Монгол далай" дуу бол цэнгэг уст Хөвсгөл нуураа магтан дуулсан бүтээл билээ. Энэ дууг тус нуурын домгоос сэдэвлэн бүтээсэн гэдэг. Тэр домог юу гэвээс, тэр нутагт нуур үгүй ч үржил шимт хөрстэй, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн диваажингийн нутаг байсан аж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байсан тул нутгаа диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байлаа. Гэтэл нэгэн өдөр хар муу санаатнаас болж нутгийн иргэд эегүй болсноос мөнх тэнгэр хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нурааж газрын гүнээс буцламгай ус оргилон хөндий тэр чигтээ усанд автжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарсан хэд нь өлсгөлөн зовлонд нэрвэгдэв гэнэ. Ингээд энэ ядуурал, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрээс хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөн гуйжээ. Мөнх тэнгэр хүслийг нь таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг онож тагласан бөгөөд төдөлгүй буцламгай ус хөрч цэнгэг нуур тогтсон домогтой. Харин нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас Мандал уул хэмээн нэрлэжээ. Хожмоо Далайн хүү, Модон хүй зэргээр нэрлэх болсон гэнэ.

     Тэгвэл энэ домгоос сэдэвлэн бүтээсэн "Монгол далай" дууг анх дуучин Дашцэрэн дуулсан бөгөөд 1987 оны "Морин хуур" наадамд энэ дуугаар тэргүүн байр эзэлжээ. Тухайн үед дуучин, хөгжмийн зохиолч хоёр нэг байгууллагад ажилдгаас гадна гэр нь ойролцоо байсан аж. Тэгээд Ч.Сангидорж дуучинд хандаж "Хоёулаа эх орноо нар зөв тойруулан уулс усны дуунууд хийцгээе" гэжээ. Анх 1986 онд "Зулай цагаан Алтай" дууны аяыг бичсэн нь Дашцэрэн нь гадаадад явсан тул өөр хүнээр дуулуулж, Монголдоо ирээд дахин дуулжээ. Дараа нь энэ "Монгол далай" дууг оркестртой дуулж Монголын радиод бичүүлсэн гэнэ. Түүнээс хойш Монголын үе үеийн баритон хоолойтнууд "Монгол далай"-г дуулсан юм.