images

“Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ”


     “Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” дууны шүлгийг СГЗ, яруу найрагч Ж.Дашдондог бичжээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул бөгөөд яруу найргийн болон сэтгүүл зүйн олон арван зохиол туурвил, жүжиг дууриуд, 200 гаруй нийтийн дууны эзэн юм. Түүнийг долоон настай байхад нь ээж нь  бурхан болжээ. Тэрбээр ойр тойрныхондооЭэжийн тухай чадвал 108 дуу хийх юмсан хэмээн бодож явдаг тухайгаа хуучилдаг байна. Тиймдээ ч нэлээд хэдэн дууны шүлэг бичиж, долоо найман дуутай болсон байна. “Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” дуу 1980-аад оны үед бүтжээ. Найрагч нэг өдөр Хөгжим бүжгийн сургуульд сурдаг найзтайгаа уулзахаар явж байгаад шавьтайгаа тааралдсан байна. Тэр шавь нь “Та сайхан дууны шүлэг байвал Бямбабаяр гэдэг хөгжмийн зохиолчид өгөөрэй. Бас Сайнцогийн Мөнхбат, Ёндонгийн Сүхбаатар гэж сайхан аялгуу хийдэг хөгжмийн зохиолчид манай сургуульд багшилдаг гээд дагуулаад явжээ. Тэгээд сургууль дээр нь очтол өнөө хэлсэн гурав нь гурвуулаа цугтаа сууцгааж байж. Шавийнхаа хэлснээр тэдэнтэй танилцаад өврөөсөө нэгэн шүлгийн номоо гаргаж ирээд “Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ" дууныхаа шүлгийг уншиж өгчээ. Тэгтэл Б.Бямбабаяр “Энийг чинь би авья. Ё.Сүхбаатар, С.Мөнхбат хоёртой та дараа дуу хийнэ биз. Энэ шүлэг чинь надад маш их таалагдлаа. Иймэрхүү үг хайж явсан. Аштай юу гээд аваад үлджээ. Тун удалгүй дуу бүтэн болж, дуучин Амарсайхан дуулж гэнэ. Дараа нь гавъяат жүжигчин Ц.Чулуунцэцэг дуулсан байна. Яруу найрагч Ж.Дашдондог үүний дараа Б.Бямбабаяртай хамтарч гурван ч дуу хийсэн түүхтэй.