images

“Дорнын цагаан саран”-г анх Ш.Жавзмаа, дараа нь Ч.Мөнхшүр, тэгээд Д.Сосорбарам дуулжээ


     Д.Баттөмөрийн хөгжим, Д.Норовын шүлэг “Дорнын цагаан саран” дуу 1986 онд бүтжээ. Зохиолч Д.Норов оюутны зуны ажил удирдан Хэнтийд очоод Хэрлэнгийн хөвөөндсар гаруй болохдоо шүлгийг нь бичсэн гэнэ. Гэхдээ “Дорнын цагаан саран шөнөжин дуулж хононо” гэдэг мөр түүнээс бүр өмнө хөдөө эмч байхад нь 1970-аад оны үед санаанд нь буусан ажээ. Арван хэдэн жил ганц энэ мөрийг цээжиндээ хадгалж явсны учир нь Д.Норов гуай Шаргын говьд эмч байхдаа говийн шөнийн мэлтийсэн сарны сайхныг биширдэг байжээ. Тэрбээр энэ тухай "Шаргын говийн мэлтийсэн сарны жигтэйхэн сайхныг яана. Дуудлаганд морь унаад хээр талд явахад элдвийг л тунгааж явдаг байлаа. Арван хэдэн жилийн дараа Хэрлэнгийн хөвөөнд байхад тэр санаа бүр хүчтэй орж ирсэн хэрэг" хэмээн ярьжээ. Харин дууны нэрийг Дорнод аймаг гэсэн жижиг утгаар бус ер бид Дорнын улс гэсэн утгаар өгчээ. Мөн тэрбээр "Олон жил сэтгэлд ургаж, үе үе сэтгэлд орж ирсэн юм болохоор бүсгүй хүн, хайр сэтгэл, монгол зан гурвыг шүлгэндээ буулгасан юм" хэмээн ярьсан бий.

     Ингээд зуны ажлаас ирээд намар нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш Д.Баттөмөр дээр очжээ. Урьд нь дуу хийж байгаагүй болохоор хүн хар төдий танихгүй ч олон сайхан дуутай Д.Баттөмөр багштай танилцаж, дууны шүлэг бичсэнээ харуулж гэнэ. Харин энэ тухай Д.Баттөмөр гуай хожим ярихдаа “Хөгжим бүжигт багшилж байхад хоёр хүн тантай уулзахаар ирлээ гэж жижүүр дуудлаа. Очтол манай Д.Норов "Чамд нэг шүлэг үзүүлье" гэсэн юм. "Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдэлнэ" гээд л арай өөр дүрслэлтэй сайхан шүлэг байна. Би дотроо сайхан шүлэг юм гэж бодсон боловч гаднаа тэрийгээ хэлсэнгүй, дуу болгоё ч гэсэнгүй дуугүй л шүлгийг нь аваад үлдлээ" хэмээн хуучилжээ. Ингээд нэг өдөр Д.Норов зохиолчийг дуудаж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ш.Жавзмаагаар дуулуулах болсноо хэлээд хамт очиж дуулахыг нь чагнав. Харин дуучин гурав хоногийн дараа Монголын радиод хоолойгоо бичүүлснээр энэ дууг хамгийн анх дуулсан дуучин болсон юм. Түүний дараа “Морин хуур” наадамд дуучин Ч.Мөнхшүр дуулжээ. Улмаар 1987 оны хавар Д.Сосорбарам гитартай, гитаргүй дуулж олонд хүргэсэн байна. Зөвхөн энэ дууг дуулсных нь төлөө Д.Сосорбарамд 1991 онд "Улаанбаатар" сонин тухайн үеийн хамгийн өндөр нэр хүндтэй шагналын нэг "Хангарьд" шагналын анхныхыг хүртээж, тус шагналыг хоёр өрөө байр дагалдсан юм. Д.Норов зохиолч "Д.Баттөмөр, Ш.Жавзмаа, Д.Сосорбарам тэд л энэ дууны хувь заяаг даасан даа" хэмээсэн бөгөөд тэрбээр уг шүлгээрээ “Цагаан лавай” наадмын шилдэг шүлгийн шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.