images

"Ийм нэгэн сэтгэл"


     Үе үеийн олон шилдэг дуучны амилуулан өнөө хүртэл 60 жил эгшиглэж буй "Ийм нэгэн сэтгэл" дууны үгийг Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Ө.Балчиндорж, аяыг Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат М.Норсонжав нар бичжээ. Энэ дууны жинхэнэ эздээс гадна өөрийгөө энэ дууны үг, аяыг зохиогч хэмээн зарласан хүмүүс бишгүй гарч байсан гэдэг. Харин энэ хоосон үгсийн эсрэг 1962 онд Ө.Балчиндоржийн хэвлүүлсэн "Халх-Нөмрөгийн голоор" яруу найргийн номд "Ийм нэгэн сэтгэл" шүлэг дурайтал бичигдэн нотолгоо болж үлджээ. Тэрээр Ардын уран зохиолч П.Бадарчийн эхнэрийн төрсөн дүү бөгөөд "Дөл" сонины сурвалжлагч байсан гэнэ. Дараа нь Дорноговь аймгийн гал командад ажиллаж байсан бөгөөд лав гурван яруу найргийн ном хэвлүүлсний хоёрыг нь П.Бадарч гуай редакторласан гэдэг. Харин хөгжмийн зохиолч М.Норсонжав нь 1953 онд Улсын хөгжимт драмын чуулгад дуучнаар орж, "Учиртай гурван толгой" дуурийн Балган, “Гологдсон хүүхэн” киноны Долингорын дүрийг бүтээж байсан дуучин, жүжигчин хүн байжээ. Тэрбээр уг дууны аяыг 1963 онд хийсэн бөгөөд тэр жил нь Сэрээтэр дуулан олны хүртээл болгожээ. Сэрээтэр хайрын сэдэвт ардын дуу мэт энэ дууг аядуу зөөлөн дуулсан бол 1964 онд шанзач Гомбын Зориг гитартай дуулснаар залууст ихээхэн хүрчээ. Хожим 1980 онд Б.Нандинцэцэг, Д.Дуламсүрэн хоёр шинэ найруулгаар дуулсан бол түүнээс хойш Гавьяат дуучин У.Далантай сонгодог маягаар дуулсан байна. Харин Улсын филармонийн дуучин Л.Насанбуян хөгжмийн найруулга дээр ятгын ая нэмж дуулжээ. Энэ мэтээр олон дуучин өөр өөрийн янзаар сэргээн дуулахдаа дууны эхний бадгийг ондоо ондоогоор дуулсан байдаг. Харин шүлгийн жинхэнэ эхэд “Орчлон дээрээс мэлтийсэн онгон цагаан сар даа, Оломгүй далайн усанд нь ойчих ч үгүй сэтгэл үү дээ” гэсэн байдаг ажээ. Яг энэ үгээр нь дуучин Г.Зоригт 1964 онд дуулсан түүхтэй.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.