images

"Нутгийн чулуу"


     Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн ая, эмч, яруу найрагч Г.Зуунайгийн үг "Нутгийн чулуу" дуу бол 1980-аад оны сүүлээр бүтсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сүлд дуу билээ. Тус сумын ой болоход эмнэлэгт бие тааруухан байсан Г.Зуунай гуай шүлэг бичиж, түүндээ ая хийлгэхээр Ц.Нацагдоржид ханджээ. Ингээд дуу бэлэн болоход УДЭТ-ын дуучин А.Дашпэлжээ анх дуулсан байна. Тэрбээр энэ тухай “Ц.Нацагдорж нэг өдөр намайг “Алив Пэлжээ чи  хүрээд ир. Ийм нэг дуу хийгээтэхлээ. Чи энийг өнөөдөр оркестртой бэлдээд маргааш “Алтан намар”-т дуулна шүү” гэж байлаа. Манай УДЭТ-ын симфони найрал хөгжмийнхөн нотыг нь харж байгаад шууд тоглоход, яг л аль эрт мэддэг дуу шиг хөгжим, хоолой сайхан нийлсэн. Тэгэхэд Жаамаа маань “Нацаг аа чи сайхан дуутай болж. Энэ дуу ч Пэлжээд сайхан зохих нь” гэж байв. Би ч орой нь ая, шүлгээ цээжлээд маргааш нь “Алтан намар” уралдаанд дуулчихсан юм” хэмээн дурсжээ. Тэрбээр 1996 онд энэ дууг дуулан “Морин хуур” наадамд оролцоод тусгай шагнал хүртсэн аж. Түүний дараа "Нутгийн чулуу" дууг 1990-ээд онд “Ардын эрхийн хит парад”-д дуурийн дуучийн П.Ганбат дуулсан. Тэрнээс хойш Ц.Оюунцэцэг, Б.Амартүвшин гээд олон чадалтай дуучид дуулжээ. Энэ дууны үгийг бичсэн Г.Зуунай гуай 1992 оны ардчилсан сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон цорын ганц хүн юм.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.