images

“Хүмүүний нэгэн урсгал”


 “...Би ээжийнхээ нууж унагасан нулимсанд нуугдаж ургасан цэцэг юм

Би ээжийнхээ хулжих нойронд зүүдлэгдсэн хун цагаахан үр нь юм аа...” хэмээх энэ дууг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ олны хүртээл болгосон билээ. Тэгвэл энэхүү дууны аяыг С.Бат-Очир, үгийг гавьяат багш Н.Гаамаа нар зохиосон байна. Анх дууны үг нь Ш.Чимэдцэеэд “Би” гэсэн нэртэй иржээ. Шүлгээ хүлээж аваад үзтэл бага зэрэг засвар оруулах шаардлагатай болж “Хүмүүний нэгэн урсгал” нэртэй болгосон аж. Тэгээд аятай нь нийлүүлээд дуулах гэтэл дээд өнгө авахад нь алдаад байсан учир мөн дахин  засжээ. Энэхүү дууг "Tulga art studio"-д дүрсжүүлж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цацсан нь Монголдоо төдийгүй Өвөр Монголд ч түгсэн байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ urug.mn сайтад ярилцлага өгөхдөө энэ дууныхаа тухай дурджээ. Тэрбээр  "Хүн чинь тэр их зовлон дунд уйлдаг амьтан шүү дээ. Би 10-аад яруу найргийн ном гаргасан хүний хувьд анх надад ирсэн шүлгийн гарчгыг нь өөрчлөөд багахан засаад дуулсан. Хүн сайн дуулъя гэвэл дууны шүлэгний эгшиг гийгүүлэгч хоёрын цохилтыг сайн тааруулах ёстой байдаг юм. Дээд өнгө авч байгаа хэсэгт ам хамхиастай буюу гийгүүлэгч үсэг таарвал хэцүү. Түүнийг засахгүй бол яагаад ч болохгүй. Аян дээр нь ч би ганц нэг зүйлийг зассан" гэжээ.