images

“Эх үрсийн элбэрэл”


     Яруу найрагч, хурандаа Л.Гаваасүрэнгийн үг, хөгжмийн зохиолч Д.Бэхбатын ая "Эх үрсийн элбэрэл" дуу 1970-аад оны эхээр бүтжээ. Хөгжим бүжгийн коллежийн үлээвэр хөгжмийн ангийг төгссөн Д.Бэхбат 1972 онд "Баян Монгол" чуулгад хөгжимчнөөр ажилд орсон аж. Түүний гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс бөгөөд хөгжмийн зохиолч болоход нь ээж нь дэмжиж, урам зориг хайрлажээ. Тиймээс ээждээ зориулж сайхан дуу хийнэ дээ гэж бодсоор явж. Тэгээд нэгэн өдөр одоогийн Гадаад харилцааны яамны дэргэдэх хуучин "Баян Монгол" чуулгын байрны хоёр давхрын төгөлдөр хуурын ард сууж байхад нь Л.Гаваасүрэн тэргүүтэй яруу найрагчид ирж шүлгээ өгчээ. Тэгэхэд "Эх үрсийн элбэрэл" шүлгийг сонгож "Энийг би дуу болгоё" гэсэн бөгөөд бусад шүлгээс нь хөгжмийн зохиолч Д.Галсанбат авч, дуу болгосон гэдэг. Ингээд Д.Бэхбат тус шүлгийг авсан даруйдаа л аяыг нь хийж орхив. Үүнийг нь сонссон "том" Оюунчимэг дуучин "Сайхан дуу байна. Би дуулья" гэснээр дуу эзнээ олжээ. Улмаар "Инээмсэглэл" хамтлаг дуулж байсан бөгөөд чуулгын дуу хуурын ажил гэсээр энэ дуу орхигдсон байна. Харин 1978 онд хөдөө тоглолтоор явах болоход “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан дуулжээ. Тухайн оны сүүлээр Страдын дууны улсын анхдугаар уралдаанд шалгарсан Ж.Уранчимэг дуулж олны хүртээл болгосон байна. Ингээд түүний дуулснаар Москватай хийсэн гэрээний дагуу 1980 онд “Мелодия” пүүсийн пянзанд "Эх үрсийн элбэрэл" дууг бичүүлэв. Тэр пянзанд багтсан бүх дуунд хожмоо Төрийн соёрхол хүртээсэн билээ. Мөн хөгжмийн зохиолч нь энэ дуугаараа Монголын радиогоос “Цагаан лавай” шагнал хүртэж байв. Ээжийн хайрыг магтсан энэ сайхан дууг Монголын төдийгүй Өвөр Монголын дуучид их дуулжээ. Тухайлбал, Халин, Хүслэн, Аянга нар дуулан түгээсэн юм. Д.Бэхбат гуай энэ дуугаа хийчхээд ээждээ сонсгоход "Миний хүү дуу хөгжмөө битгий орхиорой. Миний хүү овоо болж" хэмээн улам урамшуулсан байна. Тиймээс ээждээ 108 дуу хийнэ хэмээн амлаж байсан түүхтэй гэнэ.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.