images

"Хүлээлт"


    Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа энэ дууны шүлгийг 1960-аад оны сүүлээр зохиожээ. Тухайн үед “Соёл-Эрдэнэ” хамтлаг дөнгөж байгуулагдаад байв. Хамтлагийнхан бие даасан анхны тоглолтоо хийхийн өмнө нэгэн хайрын сэдэвтэй дууг зохиолгохоор найз Д.Ганхуягтаа ханджээ. Түүний ээж нь Шагдарын Дулмаа байсан бөгөөд хамтлагийнхан гэгээн хайрын сэдэвтэй шүлэг бичүүлье хэмээн хэлүүлсэн байна. Ш.Дулмаа ч хүүгийнхээ найзууддаа даруй зөвшөөрч гэнэ. Тэрбээр нэг дууны шүлгийг 60-аад бадаг бичиж байж шигшиж авдаг байсан бол “Хүлээлт” дууныхаа шүлгийг  20-иод бадаг бичээд л дундаас нь босгожээ. Учир нь түүний хувьд ихэвчлэн хайрын сэдэвтэй шүлэг бичдэг байсан учраас амархан санагдсан хэмээн 2011 онд ярилцлага өгч байв. Тэгээд эхний хэсгээс хэдэн бадаг, бас дунд болон сүүлээс нь тус бүр нэг бадаг сонгосон байна. Ая нь ч шүлгийг бичиж өгснөөс хойш нэг их удалгүй гарчээ. Энэ дуутай зэрэгцэн хайрын тухай олон дуу төрсөн ч залуусын хайр сэтгэл, дотоод мөн чанарт нь гүн нэвтэрч чадсан бүтээл гэгдэн 20 дугаар зууны шилдэг дуу хэмээн өргөмжлөгдөж “Алтан зул” шагналыг хүртсэн түүхтэй.