images

“Нарны хаан хүүхэд”


    Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, хөгжмийн зохиолч Л.Балхжавын аяаар бүтсэн энэ дуу 2001 онд мэндэлжээ. Тэр жилдээ дуучин Т.Ариунаа дуулан олны хүртээл болгосон нь мөнх настай уран бүтээлийн эхлэл тавигдсан байна. Учир нь арван жилд нэг удаа болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн Хүүхдийн асуудлаар тусгай чуулганд зориулж зарласан олон улсын уралдаанд “Нарны хаан хүүхэд” дуу шалгарсан төдийгүй Монголын дуучин анх удаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар сонгогдож байжээ. Мөн НҮБ-ээс санаачлан дэлхий даяар өрнүүлсэн “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хөдөлгөөн нь манай улсад 2001 оны зургадугаар сарын 1-ний өдөр “Нарны хаан хүүхэд” дуугаар орон даяар эхэлж, Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн ёслолын цуглаан болж орой нь телевизүүдээр уг дууны клип цацагдсан байна. Түүнээс хэдэн жилийн дараа рок попынхон энэ уриан дор нэгдэж, нэгэн бяцхан хүүд хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлэн хамтдаа дуулж энэ дууг дахин клипжүүлж байжээ. Ү.Хүрэлбаатарт эхлээд дахилтийн үг орж ирээд хэсэг азнаж байгаад цааш нь үргэлжлүүлтэл шуудхан нэг дор биччихсэн гэнэ. Энэ талаар дуучин Т.Ариунаа 2014 онд ярилцлага өгөхдөө “Дууг бүтээсэн, надад өгсөн хоёр уран бүтээлч болон дууны эзэн болсон багачууддаа баярлаж явдаг юм. Анх хоёр ахаасаа ая, шүлгийг нь сонсоод хүүхэд бүхний дуртай дуу болно гэдэгт итгэлтэй байсан. Манай урлагийн шижир авьяастнууд дуулж, спорт, улс төрийн зүтгэлтнүүд клипэнд нь тоглохоор болсон юм. Хүүхдийн бүтээл цаанаасаа л бүтдэг жамтай юм билээ. Дуучид ч бүгд саналыг баяртай хүлээж авсан. Одоо дууны клипэнд тоглосон хүүхдүүд бүгдээрээ том болчихсон байгаа. Өөрсдийгөө харахад сайхан санагддаг байх” гэжээ.