images

Д.Сэнгээ гуай манайд зочилсон нь


      Тэр жил 1955 онд Багшийн сургуулийн сурагчийн ширээний араас дөнгөж боссон шальдар хүү миний бие Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн багa cyргуульд багшаар томилогдон очоод байлаа. Ажил амьдралын анхны жил, хөгжилтэй уяралтай ч байж дээ. Өвлийн нэгэн өдөр хичээлийн дараа сургууль дээрээ ангийнхаа хүүхдүүдийн дэвтэр сэлтийг хянан сууж сууж, сая нэг ажлаа дуусаад гэр өөдөө гарч явтал сангийн аж ахуйн нэгэн ажилчин хархүү тосон ирж “Чамайг нэг хүн сураглаад байна. Сэнгээ гэнэ үү, Спирт заводын жижүүр лүү орно билээ” гэв. Миний дотор нар гийх шиг болов. “Зохиолч Сэнгээ гуай иржээ” гэдэг бодол агшин зуур орж ирлээ. Яаран яаран гүйсээр Спирт заводын шургааган хашааны булан тойрон гарч очвол заводын жижүүрийн шовгороос нэлээд зайдуу саарал каракуль малгай, шар үйтэн хуар дээл, opoc хромон гутал өмссөн хүн нуруугаа үүрэн нааш цааш алхаж байгаа харагдлаа. Би тэр хүнийг төдий л анхаарсангуй, жижүүрийн бяцхан шовгор руу гүйн хүрч очтол, миний нэрээр дуудах танил дуу гарах шиг болов. Зогтусан эргэж харвал, сая хажуугаар нь анзааралгүй гарсан хүн инээмсэглэн ойртож ирлээ. Би ч баяртайгаар мэндий нь мэдэн гүйж очлоо. Би Сэнгээ гуайг европ хувцастай явдгийг нь мэдэхээс бус монгол дээлтэй байхыг нь үзээгуй тул тийнхүү таньсангүй хөглөсөн аж. Нөгөөтэйгүүр тийн хөдөөгийн хүн шиг хувцаслаад явж байх юм ч гэж санасангүй. Амар мэнд асуулцсаны дараа тэрбээр “Би Сэлэнгэ аймаг орох гэж явна. Тэгээд танай энүүгээр дайраад гаръя гэж бодлоо. Чи сайн сууж байна уу? Танайх хаана байдаг юм? Очно” гэлээ. Би нэг багштай хамт суудаг байлаа. Бид хоёрын сууц ганцхан өрөө. Хоёр цэрэг ор, ганц хулдаасан бүтээлэг бүхий ширээ, хос мухар сандал, нэг нэг чемоданаас өөр хогшилгүй. Тийм даржин өрөөндөө нэртэй .найрагчийг дагуулан очихоос их л ичиж байлаа. Гэвч, манайд алдартай найрагч орсон гэж хожим хүнд ярихад сайхан ч юм шиг хөөрүү бодол бас төрөв. Тэгээд харих замдаа хэрхэн аж төрж суугаагаа ярилаа. Сэнгээ гуай манайд ороод үүдэнд зогсож өрөөний маань доторхыг их л ажив. Тэгснээ, миний тавьж өгсөн мухар сандал дээр сууж “Иймэрхүү байдалтай суудаг “холостякууд” юм биз дээ” гэснээ гаднаас орж ирсэн хамт суудаг багштай маань мэндлэхдээ “Зохиолч Сэнгээ” гэж өөрийгөө танилцуулав. Нөгөө багш маань ч сандарч орхилоо. Бид хоёр юу хийхээ олж цөхөн хэсэг зуур тээнэгэлзсэнээ талх ёотон, тавгийн боорцог ширээн дээр тавьж цай аягалан барилаа. Сэтгүүл сэлтээс авч ханаар хадсан зураг, банзан тавиур дээр өрсөн бид хоёрын хэдэн ном сэлтийг ажиглан цай оочих зуураа “Талбай дүүрэн тариатай, тал дүүрэн малтай баян сангийн аж ахуй, багш нараа ч тухтай л байлгадаг юм байна" гээд инээж билээ.

С.Дашдооров “Түүвэр зохиол” номоос