images

Хоригдол зохиолч


Ахмад зохиолч Ж.Дашзэвэг хуучилсан нь

     Зо Пай Жингийн Баттулгын зохиолч болсон зам ээдрээтэй сонин. Тэрбээр улс төрийн хэргээр шоронд хоригдож байхад нь өрөөнд нь нэг сэргэлэн байрын цагаан залуу орж иржээ. Тэд танилцаж, цаадах нь “Чи миний бичээч болно оо” гэж хэлээд бөөн цаас гарган өгөөд “Би хэлж өгөөд байя. Чи бичээд бай. Хоёулаа агуу их Пушкинийг орчуулна. Тэгээд л шоронгоос гарна даа” гэжээ. Тэр залуу бол зохиолч Ч.Чимид байсан ажээ. Ийнхүү алдарт “Евгений Онегин”-ийг орчуулж дуусаад удалгүй Чимид нь суллагдаад яваад өгчээ. Ард нь зөндөө цаас харандаа үлдэж Чимид Баттулгадаа “Чи хө надад ярьж байснаа энэ цаасан дээр бич. Би хэвлүүлэхэд чинь тусална” гэснээр Баттулга “Түвшин Төгс” туужаа шоронгийн өрөөнд туурвиж эхэлсэн ажээ. Ялтан хүний нэрийг зохиол дээр бүтнээр нь бичих хориотой тул тууж нь анх З.Бат гэдэг зохиогчтой хэвлэгдэж эзнээ шоронгоос сулласан байдаг. Баттулга шоронгийн амьдралын тухай ярихдаа “Хүний сэтгэл санаа, ааш авир яг орчиндоо зохицдог юм билээ. Нэг удаа чөлөөгөөр гараад буцаад шорон руугаа очиж явлаа. Шоронгийн хашаанд ойртож ирмэгцээ би өөрийн мэдэлгүй зог тусаж хаа яваагаа бодон бүх товч шилбээ мултлан тайлж, энгэр заамаа задгайлаад танхай байртай болоод дотогшоо орж билээ. Хэрэв боловсон байртай орвол хоригдлууд үзэхгүй шүү дээ” гэж хэлж байсансан. Түүний уран зохиолын амьдралын зам ингэж эхэлсэн түүхтэй.

“Монголын уран зохиолын дээжис” номоос