images

“Ононгийн хээр”


     Ардын хувьсгалын 77 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, 80 жилийн баяр наадмын түрүү хурдан хүлэг бол Монгол улсын тод манлай уяач Д.Ононгийн аварга хэмээн алдаршсан хээр морь билээ. Хурд давхил, түрүү магнайгаараа аварга хэмээн алдаршсан моринд зориулан хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, яруу найрагч Н.Лутбаяр нар дуу хийжээ. Тэд анх “Цэцэн ханы хурдан хүлгүүд” дууг хамтран зохиосныхоо дараа "Морины тухай ядаж 12 дуу хийе" гэж ярилцснаар "Гоё халиун", "Ононгийн хээр" дууг зэрэг шахам шүлгийг нь бичиж хийжээ. 2006 оны үед “Талын хүлэг” уяачдын галын цагаан сарын баяраар Н.Лутбаяр шүлгээ уяач Д.Ононд анх уншиж өгч байжээ. Түүнээс хойш удалгүй дуу болгосон бөгөөд М.Хатанбаатар гуай аварга хээрийн уралдаж буй олон бичлэгийг үзсний эцэст эрчилж давхиагүй мэт харагдах хэрнээ олон морины хажуугаар зөрж өнгөрөөд л түрүүлдэг морь юм хэмээн анзаарч жигд ая хийжээ. Харин хүү Х.Яруу нь хөгжмийн найруулгыг нь хийж өгсөн байна. Тухайн үед хүүтэй нь хамтарч ажилладаг байсан СУИС-ийн оюутан, одоо ДБЭТ-ын дуучин Д.Эрдэнэ-Очир "Та гоё дуу хийж байгаа юм байна. Би дуулья" гэж хоёр өдөр хөгжмийн зохиолчийн гэрт ирж гуйснаар дуулж амилуулжээ. М.Хатанбаатар гуай түүнд "Дууныхаа араас тууштай явж бүтээл болгоорой" гэж захисан тул даруйхан клиптэй болгосон гэнэ. 

Эх сурвалж: ТМ телевизийн "Дууны жигүүр" нэвтрүүлэг.