images

Гайтавынх төвхнөсөн нь


Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн хуучилсан нь

     Тавиад оны сүүл үе. Нэг зун Ц.Гайтав “Дамдины Сүхбаатар” найраглалынхаа шагналд овоо хэдэн төгрөг авлаа. Би ч түүнийг нь үрэлцэхээр очив. Гайтав мөнгөнд хэзээний сул гартайг бид андахгүй. Харин энэ удаа тэрбээр гэр орноо тохижуулж, шинэ хувцас авна гэлээ. Тэгээд хоёулаа гарч эд хогшил цуглуулах юм боллоо. Өдөржин дэлгүүр хэсээд цагаан толгойтой ор, нэлээд том хивс, бас баян хуур хөгжим авлаа. Гайтав өнөөх “Бөмбөр бөмбөр мод” дуугаа хөгжимдөж дуулдаг болох гэнэ. Хар бостон даавуун өмд, урт түрийтэй савхин гутал, саарал бүрх малгай авлаа. Нэлээд дэгжирхэх гэсэн нь тэр. Бас зуныхаа амралтаар Цэгмид чавганцдаа очихдоо өмсөх дээлийн үйтэнхуар авлаа. Сүхбаатар шиг өндөр захтай дээл хийлгэж өмсөх гэнэ. Ханан дээр нь тийм өндөр захтай дээлтэй Сүхбаатарын хөрөг байдагсан. Тэгээд бид хоёр тэр авсан бүгдийгээ морин тэргэнд ачиж авч ирээд хуучин муу орыг нь гарган хаяж өнөөх гоё хивсээ хананд өлгөлөө. Аятайхан айл болоод явчихлаа. Харин баян хуураа хуурдаж сурна гэдэг бид хоёрт хялбар биш ажил бололтой. “Юу ч чаддаггүй амьтан шив дээ” гэж намайг голно. Тэгээд баян хуураа хамаа намаагүй гонгинуулж амныхаа хайрцгийг гайхуулан "Бөмбөр бөмбөр мод"-оо дуулав. Цаана нь нэлээд хэдэн төгрөг үлджээ. “Энэ мөнгийг яах вэ?” гэж байна. Би “Унаа авбал зүгээр биш үү?” гэхэд тэрбээр огт эргэлзэлгүй зөвшөөрөв. Тэгээд хоёулаа дахин гарч дэлгүүр ороод “ИЖ-49” мотоцикль авчихлаа. Ингээд л гарч өгсөн юм. Бараг өдөр болгон ажил тарсны дараа мотоциклиэ паржигнуулан манай гадаа ирж намайг сундалж аваад Туулын хөвөө юм уу, Сэлбэ өгсөөд арилж өгнө. Хээр гарсан хойноо бүсэндээ хавчуулсан зузаан хар дэвтрээ гаргаж ирээд шүлгээ уншдаг байж билээ.

Монголын уран зохиолын дээж 12 дугаар ботиос