images

"Дурлал чи юу хүснэ вэ"


     Энэ дууг Madness хамтлагаас төрөн гарсан уран бүтээлчид зохиожээ. Тус хамтлагийн гитарчин Г.Ганга үг аяыг зохиосон бол Daisy буюу дуучин Д.Дэлгэрцэцэг дуулсан байна. 2009 онд “Зөрлөг” киноны нээлт болох дөхөж, уг киноны дууг зохиож өгөөч гэсэн яаруу захиалга Гангад иржээ. Тэгээд Д.Дэлгэрцэцэгт өгч дуулуулахаар болж, хоолойгоо бичүүлээд л радиогоор цацчихаж гэнэ. Тэгтэл маш хурдан хугацаанд залууст хүрч, нэг мэдэхэд л хүмүүс амандаа аялдаг, мэддэг болчихжээ. Анх энэхүү дууг дуучин эмэгтэй сонсохдоо “Надад зохихгүй, миний жанрын дуу биш” гэж байсан ч хөгжмийн найруулгыг нь өөрчилж, акустик гитарын дугаралтыг нь нэмж илүү амьд хөгжим рүү ойртуулсан байна. Daisy буюу дуучин Д.Дэлгэрцэцэг дууныхаа талаар сүүлд ярилцлага өгөхдөө “Энэ дуу яагаад олон хүнд хүрсэн нь дууны үг бичсэн манай нөхөртэй холбоотой. Манай хүн дууны үгийг сүнслэг бичдэг л дээ. Түүнийг нь ухаж ойлгох нэгэн байхад, ойлгохгүй хүн ч байдаг. Тухайн үед би “Дурлал юу хүснэ вэ” дууны үгийг ч ойлгохгүй дуулж байсан. Яг хоолойнд орж байхдаа нөхөртөө зөндөө загнуулж гарч яван байж дуулсан. Дараа нь үгийг нь ойлгоогүй ч гэсэн ямар дотортой, мэдэрч дуулсан юм гэж бодож байсан” гэжээ. Сонирхолтой нь дууны уран бүтээлчдэд олон залуус дууг нь  сонсож, дотносож, танилцаж байсан тухайгаа хэлж, хуримандаа дуулж өгөхийг урьж байжээ.