images

Хөх Дандар


     Итгэлт баян, Тоодон панз зэрэг гүйлгээ ухаантай, сүйхээтэй киноны дүрүүд шиг домог болсон сүйтээтэй панзчин хөх Дандар хэмээх эр Ховд аймгийн Мөнххайрхан суманд суудаг байлаа. Наймааны ухаанд нэвтэрхий тэрбээр хөрш зэргэлдээ Манхан сумын айлууд улаан тамхиар тасарсан байгааг олж сонсоод тав, зургаан ширхэг улаан дүнсэн тамхи аваад Манхан сумыг зорьжээ. Дунд Сэнхэрийн хавцлын амаар ороод айл бүхнээр орж урт цагаан соруултай гаансаараа завсар зайгүй тамхи нэрэн яриа хөөрөө өрнүүлж суухад тамхиар тасарч туулайн хоргол татаж байсан хүмүүс ганц тамхилахыг гуйна. Тэр дуртай нь аргагүй тамхилж, цаашид улаан тамхи бүр их ховордох тухай цуу тараасаар явжээ. Ийм маягаар Манхан сумын Цагаан гол ороод буцахдаа нэг аяга улаан тамхийг нэг төлгөөр арилжиж, буцаж ирэхдээ 40 гаруй төлөг туугаад ирж байжээ. Унасан морь нь цуцаж газар хороох аргагүй болоход айлын ойролцоо ирээд эмээлийнхээ тохом доор шагайн чинээ хоёр чулуу хийгээд мордоход нөгөө муу морь нь нуруу нь өвдсөндөө тогтож ядан дүүхэлзээд ирж. Зориуд айлын дэлгээстэй үүдээр өнгөрч уяан дээр нь буугаад орж иржээ. Залуухан эхнэр нөхөр хоёрт хандан "Ам нь дийлддэггүй агсам морьтой явахад хэцүү байна. Та хоёр надад нэг номхон морь өгөөд үүнийг аваач. Залуу хүмүүс унаж явахад урамтай" гэх зэргээр ятгаад нөгөө морио унагатай гүүгээр сольж авчээ. "Унагатай гүүгээ эмээллэж мордоод хөдлөхөд айлын гэр араас ойртоод байх шиг санагдсан" хэмээн өөрөө хуучилж байжээ. Тэрбээр “Хуучны бөөрөнхий ултай ганц хавхыг гурав эргүүлэхэд л гэрийн гадаа эмээлтэй морь болоод янцгаадаг юм даа” хэмээн арилжаа наймааны ухааны тухай сайрхан ярьдаг байв.

Ж.Пүрэвдорж “Билигт урианхай түмэн” номоос