images

"Уртын сайхан хүрэн"


“Уртын сайхан хүрэн чинь

Уужмын холоос гишгэгдэлтэй

Уйдашгүй та нараасаа

Ийм л уужмын хол суудаг билээ” хэмээх дуу бол монгол ардын дуу “Уртын сайхан хүрэн” билээ. Энэ дууг уртын дууч Б.Лхамжав, Ж.Дорждагва нар дуулж байсан бөгөөд үүсэл гарвалыг хөөвөл эфү Цэрэнгийн хүү Цэнгүнжавын хүү Лавандоржийн зохиосон дуу аж. Тэд бол эфү Цэрэнгийн үеэс Манжийн төрд зүтгэсэн түүхтэй. Учир юу гэвэл 1687 онд Чингүнжав Халхыг довтлоход Ц.Цэнгүнжавын эмэг эх Гэцэл хатан ач хүү Цэрэнг дүүтэй нь хамт хөтлөн Манжийн цэрэг дээр очжээ. Ингээд Манжийн хааны ивээлд багтсан Цэрэнд Энх-Амгалан хаан хоёр гүнжээ эхнэр болгон өгч эфү цол, бэйсийн зэрэг хүртээгээд харьяат ардын хамт Тамирын нутагт буцаасан түүхтэй. Гэхдээ хүү Ц.Цэнгүнжав нь монгол хатнаас мэндэлсэн бөгөөд Чингүнжавын бослогыг дарсныхаа шанд хошой ван цол хүртэж, Улиастайн хязгаарыг захирахаар болсон байна. Харин Манжийн хаан Ц.Цэнгүнжавыг өөрийн хараанд байлгахын тулд хүү Ц.Лавандоржийг нь 1756 онд Бээжинд дуудаж, төрөөд удаагүй байсан гүнжтэйгээ ураг барилдуулжээ. Ингээд 1771 онд насанд хүрэхэд нь гүнжтэй гэрлүүлж, Бээжинд суулгажээ. 1771 онд Цэнгүнжавыг нас барсны дараа хүү Ц.Лавандорж нь түүний хэргэмийг залгамжилсан боловч хааны аюулгүй байдлыг хариуцдаг тул Бээжингээс гарах эрхгүй байсан гэдэг. Тиймээс зөвхөн тодорхой шалтгаанаар, Ц.Лавандоржийн нөлөө Халхад хэрэгтэй болсон үед Монголд томилон явуулдаг байжээ. Ингээд холд байх нутгаадаа ирэхдээ Ц.Лавандорж “Урт сайхан хүрэн” дууг зохиосон нь Дорноговь аймгийн Хөвсгөл суманд дуулагдсаар ирсэн байна. Учир нь, 1960-70-аад онд энэ дуу ноён хутагт Равжаагийн өвөөр бүртгэгдсэнээс гадна Ц.Лавандорж төрсөн нутагтаа ирэхдээ тус суманд албатуудаасаа аваачин суулгаж, Бээжингээс ирэх, буцах замдаа буудаллаж амардаг, унаа морьдоо сэлгэж, хоол хүнсээ базаадаг байжээ. Тэднийг албан бичигт “тосгоны ард” хэмээн нэрлэсэн юм. Тэд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын урд хэсэг Сулинхээр, Сайншанд орчмоор нутаглаж байсан бөгөөд Ц.Лавандорж жилдээ хоёр удаа нутгаасаа унаа морьд, цагаан идээ, зэрлэг сонгино, жимс зэргийг Бээжин лүү хүргүүлдэг байсан байна. Мөн түүхчид энэ дууг Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өлзийт сумын өөлдүүд дуулдаг байсныг олж мэдснээр уугуул нутгаасаа холд суугаа хүмүүс дуулдаг байсан байх магадлалтай гэж үзжээ. Ц.Лавандоржийн энэ дуу түүний харьяат ардаар дамжин түгсэн бололтой.

Эх сурвалж: Inews.mn