images

Ж.Лхагва зохиолчоос “хулгайгаар” сонссон үг


Боловсролын их сургуулийн профессор, утга зохиол судлаач Р.Чүлтэмсүрэн хуучилсан нь

    1970-аад оны сүүлээр юмдаг. Нэг удаа Төв шуудангаac xэвлэл сонин аваад гарч яваа Ж.Лхагва зохиолчийг харав. Нэрт зохиолчдын царай зүсийг хүндэтгэн хардаг, үг хэлийг нь боловч сонсохсон гэж хорхойсдог, дагаад ч болов жаахан хамт явахыг хүсдэг “өвчтэй” нас байсан болохоор холоос хий бараадан алхлаа. Явдал зүг ч таарлаа. Нэг хүнтэй яриад л, дүнгэнээд л. Одоо бодоход Л.Дашням зохиолч цуг явсан санагддаг юм. “Xүнсний 20”-ийн автобусны буудал дээр хүн пиг. Төв замын түрэмгий улаан автобус буудлын нaaна, цаана зогсож, зорчигчид хоёр тийш ханаран гүйлдсээр. Хүн шингэрэг гэсэн шиг Ж.Лхагва зохиолч автобус хүлээж нөгөө хүнтэйгээ тайван ярьж зогсоно. Би ч автобусанд дайран хойд хаалганаас нь амь дүйн чирэгдэж дүүжлэгдэхээ азнаж, тэр хоёрын ойр зогсон чих тавьж, зохиолч хүн юу ярьдаг юм бол, арай л яриx дуу хоолой нь энгийн хүнээс өөр юм уу, адил юм уу гэх нь холгүй амьтан үгэнд дурлаж, сортолзон зогслоо. Ж.Лхагва зохиолч хэлж бaйна aa. “Зохиолыг ч бичих нь бичиж болж байна аа. Харин хэл найруулга гэдэг л гол юм байна. Үгийг олж хэлнэ гэдэг л тун хэцүү. С.Эрдэнэ гуай бичсэн зохиол бүрээ эхлээд Өвгөөдэй Дамдинсүрэн гуайгаар уншуулж, хэл найруулгаа засуулдаг гэнэ. Тэгээд л зохиол нь, дүрийн уг хэл нь тийм сайн байдаг юм байна” гэв. Миний бие тэрхүү алдарт зохиолч, Богд уул хоёроо ээлжлэн харж байж, хоёр чихээрээ сонссон үг тэр байлаа. XX зууны дал наяад оныхон тэр байтугай дөч, тавь, жараад оны Монголын бараг бүх зохиолчтой хожим ажил төрлийн үүднээс их ойр байсан ч тэр зохиолчоос “хулгайгаар” шахуу сонссон анхны үг маань тэр. Хүний уг хулмалзан сонссон ч хажууд чангаар яриад байгаа болохоор яалтай. Шивгэнэж ярьсан ч дуулахаар анxaapч байсан миний бие насан турш санах үнэтэй үгийг тийнхүү олны хөлийн газар сонсож, цээжиндээ хадгалсан даа. Үнэхээр сайн зохиол гэдэг үг онож дүрслэх, хэрэгтэй үгийг зөв сонгохдоо байдгийг улам бүр уxaapcаар явна.

Р.Чүлтэмсүрэн “Залуу нас зуны шөнө шиг богинохон” номоос